ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрс бууруулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-25

Сүүлийн үед манай дарга нарын дунд “эрс бууруулах” хандлага моданд ороод байгаа. Асуудалтай байгаа юм бүхэнд “эрс бууруулах” аргыг сонгох боллоо. Утаагаа эрс бууруулахаас эхлээд ядуусаа хүртэл эрс бууруулахаа мэдэгдээд байгаа юм. Эрс бууруулалтын “аян”-нд баярлах юм олон хэдий ч яаж вэ гэдэг нь л сонин юм. Тухайлбал, ганц бие эмэгтэйчүүдийн тоог эрс бууруулна гэлээ. Үүнд баярласан хүн багагүй байгаа биз.

Төрийнхөө буянаар өрхийг тэргүүлэх “хар хүн”-тэй болох нь уу гэж эмэгтэйчүүд далдхан горьдож суугаа байх. Төрийн хайр ивээх биз ээ. Утааг арилгахын тулд яндангийн тоог эрс бууруулна гэлээ. Он дамжин яригдсаар ирсэн утааг гэнэт яаж эрс бууруулах вэ гэхдээ өвлийн өвөлд адлагдсаар ирсэн гэр хорооллын иргэд зуухны минь янданг ховхлоод авчих вий гэж сэм хардах болжээ. Сүүлийн үед ядуусын тоог эрс бууруулна хэмээн дарга бүхэн тунхаглах болсон. Яана вэ та минь, яаж эрс бууруулах юм бол. Ихдээд байгаа зүйлийг цөөлөх гол арга бол устгах л байдаг гэж бодохоос сэтгэл түгших...

Малынхаа тоог хүн амынхаа тоотой тэнцүүлнэ гэж ярих боллоо. Манай улсын хүн амын тоо 3.2 саяд хүрээд байгаа. Гэтэл улсын хэмжээнд нийт малын тоо 70 сая руу давхиж явна. Хол зөрүүтэй энэ хоёр тоог яаж тэнцүүлэх вэ гэдэг бидний толгойноос хэтэрсэн бодлого болоод байна. Бодвол эрс өөрчлөн, тэнцүүлэх боломжит хувилбар малынхаа тоог л 3.2 саяд хүргэх байх даа. Яаж гэдгийг таамаглах хэцүү ч ямартай ч эрс бууруулалтын “аян” эрчимтэй яригдах боллоо. Эрс бууруулалтын эх орон болох нь ээ манайх.