ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ажил ихтэй АТГ

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-26

Манай Авлигатай тэмцэх газар ажлаа хийгээд завгүй байгаа. Худлаа гэх юм бол сар бүрийн сүүлийн долоо хоногт хийдэг хэвлэлийн хурлаас нь та бүхэн бэлээхэн хараарай. Мөн барьж хорьсон, тавьж явуулсан хүмүүсийг тоолсон ч завгүй ажиллаж байгаа гэдгийг мэдэж болно. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баярыг барилаа, хорьсон, тавьсан. Хоолоор хүртэл дайлсан. Хэрэг юу болсныг нь харин бид мэдэхгүй.

Сангийн сайд асан С.Баярцогтыг мөн л барьсан, хорьсон, тавьсан. Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчиллаа л гэсэн тавилаа л болсон. Одоогийн манай Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамаатан хурандаа О.Амарсанаа, ЦЕГ-ын хурандаа Ц.Жаргалсайхан, Ч.Батболд нарыг баривчилжээ гэсэн тавиад явуулсан. ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг барьсан, хорьсон, сулласан. Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг барьсан, хорьсон, явуулсан.

“Монголросцветмет”-ийн захирал Д.Ганболдыг ч бас барьсан, тавьсан. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлстийн дарга асан Б.Мөнхжаргалыг барилаа л гэсэн яасан нь бас л сураггүй. АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас баривчилаад мөн л сураг тасарсан. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгийг баривчилжээ л болсон чимээ байхгүй. За тэгээд бас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг баривчилжээ л болсон, тавьжээ л гэсэн. Ингэж манай АТГ завгүй ажиллаж байна даа. Тэднээс өөр ажил хийдэг газар алга уу, энэ улсад.