“Ядарсан хүний өвчин зовлонд дулдуйдсан увайгүй бизнес улсын эмнэлэгт ажилладаг хувийн эмнэлэгтэй эмч нарын шуналын гараар хөгжиж байна”, “Эмнэлэгт үзүүлэхэд эмч нар өөрийн хувийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөдөг. Эндээс л эмнэлэг тойрсон бизнес цэцэглээд байна“, “Сүлжээний бизнес гэх бараа бүтээгдэхүүнийг худал сурталчилдаг ямар ч хүмүүсээс, ялангуяа эмч нараас хол бай” зэргээр эмч нарын ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагаанд ундууцсан иргэдийн сэтгэгдлүүд цахим сүлжээгээр хөвөрч байна. Ийм асуудал яригдсаар олон оныг үдсэн ч сонсоогүй мэт, мэдээгүй мэт явсаар өнөөдрийг хүрсэн нь нууц биш. Хариуцлага, ёс зүй хэмээх ойлголт эрүүл мэндийн салбарынхны хувьд нэн тэргүүнд байх ёстой зүйлийн нэг гэж иргэн хүнийхээ хувьд боддог.
Тэгвэл энэ салбарын зарим эмч, эмнэлгийн ажилтнууд үүнийг үл тоон ёс зүйгүй үйлдэл гаргаснаас эрүүл мэндийн тогтолцоог улам бүр доройтуулж, эцэстээ ийнхүү “авилгад өртсөн, эрүүл бус салбар” хэмээн тодорхойлоход хүргээд байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Тиймээс бид энэ сэдвийг хөндөж, сурвалжлахаар хот хөдөөгүй үйлчлүүлдэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт очлоо. Эрчимт эмчилгээний тасгийн хүлээлгийн өрөө дүүрэн хүнтэй байна. Эдгээр хүмүүс тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ар гэрийнхэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг биеэр мэдэрч, туулж байгаа хүмүүс юм. Бидний уулзаж, яриа өрнүүлсэн хүмүүсийн ихэнх нь эмчийн зөвлөгөөний дагуу гаднаас эм тариа авдаг хэмээн ярив. Гэвч эмч нар эмийн сангийн байршил зэргийг зааж өгдөг болохоос бус заавал тэндээс ав гэж хэлдэггүй хэмээн учирлах аж. Тэдний ярьснаар эмч, эмнэлгийн ажилчид тус эмнэлгийн ойролцоох эмийн сангуудыг зааж өгдөг байна.
ЭХЭМҮТ-ийн эмч “Талимаа” гэх хувийн эмнэлэг рүү өвчтөнүүдийг явуулдаг
Эмнэлгийн үйлчлүүлэгчидтэй уулзах явцад ЭХЭМҮТ буюу бидний нэрлэж заншсанаар эх нялхсын эмнэлэгт бидний хөндөж байгаа асуудал их гардаг тухай олж мэдэв. Үйлчлүүлэгчдийн ярьж байгаагаар тус эмнэлгийн эмч нар “Хүрээ” дээд сургуулийн ард байрлах нэгэн хувийн эмнэлэг зааж өгч, зөвхөн тэдний эхо-д харуулсан тохиолдолд үр хөндөх болон бусад үйлчилгээ үзүүлдэг гэв. Бид уг мэдээллийн дагуу тус эмнэлгийн “Ажилбарын хэсэг” буюу үр хөндөлтийн тасагт очсон юм. Биднийг очиход өглөөний 09:30 минут болж байсан хэдий ч тус тасгийн ажил эхлээгүй үйлчлүүлэгчид хүлээлгийн сандалд дугаарлан сууж байлаа. Хаалгыг нь тогштол, сувилагч болов уу гэлтэй эмнэлгийн ажилтан “Ажил эхлээгүй байна. Битгий хаалга тогшоод бай. Цаанаа хүлээж бай” хэмээн зандраад хаалгаа тас хийтэл хаав. Дугаарлан суугаа бүсгүйчүүдээс эхо-д хаана харуулах тухай асуухад, “Энд харахгүй шүү дээ. Хувийн эмнэлэгт шинжилгээ болон эхо-д харуулна” хэмээн хэзээний мэддэг мэтээр хариулах нь ийм тогтолцоо бий болоод багагүй хугацаа өнгөрснийг илтгэх аж. Тэднээс ямар эмнэлэгт үзүүлснийг нь асуухад зарим нь тус эмнэлэгтэй хамгийн ойр байрладаг учраас “Гурван гал”-д, зарим нэг нь гэрийнхээ ойролцоох эмнэлэгт үзүүлсэн гэсэн боловч дийлэнх нь тус тасгийн эх баригч н.Эрдэнэцэцэгийн зааж өгсөн “Талимаа” хэмээх хувийн эмнэлэгт үзүүлсэн гэв.
Тэдний хэлж байгаа “Талимаа” эмнэлэг гэдэг нь иргэдийн мэдээлсэн мөнөөх “Хүрээ” дээд сургуулийн ард байрлах хувийн эмнэлэг мөн аж. Сар гарантай жирэмсэн хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар үр хөндөлт хийлгэхээс өөр аргагүйд хүрсэн гэх үйлчлүүлэгч Н-тэй уулзахад тэрбээр, “Үр хөндөлт хийлгэхэд хамгийн түрүүнд эхо-д харуулсан байх шаардлагатай гэнэ. Дараа нь цусны шинжилгээ, мазокын шинжилгээ гэх мэт олон шинжилгээ бүрдүүлдэг юм байна. Эхо-г заавал гадуур хувийн эмнэлэгт харуул гэдэг юм билээ. Бусад шинжилгээг харьяа дүүргийнхээ эмнэлэгт өг гэсэн. Дүүргийн эмнэлэгт ачаалал их байдаг учраас тэнд дугаарлаж цаг алдахгүйн үүднээс шинжилгээнүүдээ хувийн эмнэлэгт өгсөн. Үүнийг нь мэдээгүй учраас анх шууд хүрээд ирсэн. Тэгэхэд “Талимаа” эмнэлгийг зааж өгөөд маш сайн хардаг, стандартын шаардлага хангадаг зурагтай газар гэж зөвлөсөн ” хэмээн ярив. Бид мэдээллийг бататгах үүднээс тус тасагт өвчтөний хувиар оров. Сар гарантай жирэмсэн ч гэлээ хүчтэй эм ууж байгаа учраас үр хөндөлт хийлгэмээр байна гэж хэлэхэд, үйлчлүүлэгчдийг хүлээн авч, бүртгэж байгаа эмч “Бүх төрлийн шинжилгээгээ бүрдүүлээд, эхо-д харуулаад ир. Дараа нь үр хөндөлт хийх үү, үгүй юу гэдгийг шийднэ. Манай эмнэлэг эход харахгүй. Гадуур хувийн эмнэлэгт харуулаад ир” гээд дараагийн хүнийг дуудав. Ямар эмнэлэгт үзүүлэх вэ гэтэл, “Тэрийг чи өөрөө л шийднэ. Ойрхон гэвэл хажуу талын “Гурван гал” гэх мэт үнэтэй эмнэлгүүд байна. Боломжийн үнэтэй эмнэлэг ч гэсэн байгаа шүү дээ. Цаана чинь байгаа эхо-д харуулаад ирсэн хүмүүсээс асуу” гэлээ.
Түүнээс “Энд харуулж болохгүй юу” хэмээн лавлахад тэрбээр уурлаж “Бид хот хөдөөгүй бүх хүнд үйлчилж байна. Манай эхо хаанаа ч хүрэлцэхгүй. Тэгээд ч үр хөндөлт гэдэг чинь тийм амар юм биш. Үр хөндөлтийн шалтгаанаар эхо-д харах үнэ төлбөртэй байдаг. Гэтэл манай эмнэлэг дотоод журамдаа үнэ төлбөртэй үйлчилгээ үзүүлэх ёсгүй. Тийм болохоор хувийн эмнэлэгт үзүүлээд ир гэсэн шаардлагыг тавиад байна” гээд гарахыг шаардав. Бид хэвлэлээс явж байгаа бөгөөд иргэдийн мэдээллийн дагуу ирснээ тайлбарлан, н.Эрдэнэцэцэг гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэхэд бүртгэл хийж байсан эмэгтэй “би байна” гэв. Түүнээс “Талимаа” эмнэлэг рүү иргэдийг явуулдаг учрыг нь асуутал, “Би энэ тасагт 30 жил ажилласан хүн. Иргэдийнхээ амьдралыг та нараас илүү мэднэ. Мэргэжлийн үүднээс харахад “Талимаа” эмнэлэгт харуулсан эхоны зураг чанарын хувьд маш сайн төдийгүй бусад эмнэлгүүдийг бодоход үнийн хувьд хамаагүй хямд. Тийм болохоор иргэдийн нөхцөл байдлыг бодож, өрөвч сэтгэлийн үүднээс хямд, сайн эмнэлэг байдаг юм байна гэж хэлдэг. Түүнээс биш тэнд очиж үзүүл гэж хэнд ч хэлээгүй. Үнэнийг хэлэхэд манай эмнэлэгт хандаж байгаа иргэд ихэнх нь хүнд, хэцүү амьдралтай хүмүүс. Мөнгөтэй хүмүүс хувийн эмнэлгүүдэд өндөр үнэ төлөөд үйлчилгээ авдаг. Манайх үр хөндөлтийн эхо харах боломжгүй учраас гадуур харуулахаас өөр аргагүй. Гэтэл иргэд өндөр үнэтэй хувийн эмнэлгүүдэд үзүүлж, өчнөөн мянган төгрөг төлсөн хэрнээ чанарын шаардлага хангахгүй зураг аваад ирдэг. Эмэгтэйчүүдийн эхо-д харуулаарай гээд явуулахад дотрын эхо-д харуулаад ирэх хүн ч байдаг.
Тийм учраас бид аль аль талаа бодож эрсдэлгүй байх үүднээс тус эмнэлгийг ганц хоёр хүнд хэлж байсан байх. Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнг хаана, ямар эмнэлэгт үзүүлэхийг заах эрх байхгүй. Гэлээ ч манай эмнэлгийн хувьд ихэнх нь хөдөө орон нутгийн хүмүүс байдаг тул эмнэлгийн хаяг байршлаас эхлээд зөвлөх шаардлага тулгардаг нь үнэн. Түүнээс биш танил талынхаа эмнэлэг рүү зориуд очиж үзүүл гээд байгаа юм огт байхгүй” гэв. “Талимаа” гэх эмнэлэг Хүрээ дээд сургуулийн баруун талд, БГД-ийн арванхоёрдугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар “Бичил”-ийн ард байрладаг аж. Тус эмнэлэг нь нүдний төрөлжсөн эмнэлэг бөгөөд дотор, мэдрэл, уламжлалтын чиглэлээр ч үйлчилгээ үзүүлдэг аж. Түүнээс гадна 4D болон 5D эхо хардаг юм байна. Тус эмнэлгийн захирал Д.Янжиндулам гэх хүн байдаг аж. Тэрбээр “Талимаа” ХХК-ийн захирал, “Талимаа эмнэлэг”-ийн Ерөнхий эмч, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан, Клиникийн профессор, нүдний тэргүүлэх эмч, магистр зэрэгтэй хүн ажээ. Түүнтэй уулзаж асуудлын талаар хэлэхэд “Би мэдэхгүй байна. Манайх эмэгтэйчүүдийн эмнэлэг биш, нүдний эмнэлэг шүү дээ. н.Эрдэнэцэцэг гэж ямар хүн байдгийг мэдэхгүй. Эхо-ний эмч н.Оюунчимэг гэж хүн байгаа. Манайд эмнэлэгт өрөө түрээсэлж эхо ажиллуулдаг” гэсэн хариулт өглөө. Биднийг очиход эхо-ны эмч н.Оюунчимэг эзгүй байсан бөгөөд “өнөөдөр ирэхгүй” гэж угтагч эмэгтэй хэлэв. Хаалган дээр нь байгаа утасны дугаараар залгасан боловч холбогдох боломжгүй байлаа.
Үйлчлүүлэгч явуулж байгаа болон хүлээж авч байгаа хоёр талын аль аль нь биеээ мэдэхгүй гэж байгаа ч батлах аргагүй. Ямартай ч чанарын шаардлага хангадаг гэсэн үүднээс өвчтөнүүдэд уг эмнэлгийг зөвлөдөг юм байна.
Эмч нар иргэдийг “Монфа” болон “Мон Арго” гэх эмийн сан руу явуулж байна
Сурвалжлах явцад иргэдийн зүгээс бидэнд мэдээлсэн асуудлыг нэг нь эмч нар эмийн сангийн нэр зааж, үйлчлүүлэгчдийг явуулдаг тухай. Тэдний дунд хамгийн их нэр дурдагдсан нь “Монфа” болон “Мон Арго” гэх эмийн сангууд байв. “Монфа” эмийн сангаар үйлчлүүлээд гарч байгаа иргэдтэй уулзахад, бусад эмийн сангаар олдохгүй байгаа ховор эмүүд энд байдаг гэж сонсоод ирсэн гэх хүн олон байв. Тэдний дунд үе БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмчийн зөвлөснөөр ирж үйлчлүүлж байна гэх хүн ч байв. Ямартай ч ихэнх хүмүүс тус эмийн санг эмийн олдоц сайтай гэсэн шалтгаанаар зорьж ирсэн болохоо ярьсан юм. “Монфа трейд” ХХК-ийн захирал нь ЭЗШУ-ы доктор, профессор Д.Цэндээхүү гэж хүн байдаг аж. Тус эмийн төвийн маркетингийн менежер хэлэхдээ “Бусад эмийн сангуудыг бодоход манайх үнийн хувьд хямд байдаг. Түүнээс гадна Европын шилдэг эмийн компаниудаас ямар нэг зуучлагчгүйгээр шууд гэрээгээр оруулж ирдэг учраас давуу талтай. Тиймээс л манай эмийн санг мэддэг хүмүүс нь зөвлөдөг байх. Улаанбаатар хотын хэмжээнд 13 салбар ажилладаг” гэв.
Харин “Мон Арго” гэх эмийн сангийн хувьд байгалийн болон амьтны гаралтай эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг компани юм байна. Тус эмийн төвд биднийг очиход нэгэн иргэн эмчийн бичиж өгсөн жорыг эмийн санчид үзүүлэн, ямар үйлчилгээ үзүүлэхийг нь тайлбарлаж өгөхийг гуйж байв. Тэрбээр, “Эмч танайхыг зааж өгөөд, ийм эмнүүд ав гэж бичиж өгсөн юм. Тэгээд л ирлээ. Уурлаж загналгүй, аятайхан тайлбарлаад өгчихөж болдоггүй юм уу. Би ямар үйлчилгээтэй эм ууж байгаагаа мэдэх хэрэгтэй биз дээ” хэмээн эмийн санчид хэлэв. Түүнийг эмээ аваад гарахад нь хамт гарч, уулзахад тэрбээр хагалгаанд ороод удаагүй байгаа бөгөөд дүүргийнх нь эмч н.Хатанбаатар гэж хүн уг эмийн сангаас эм авахыг зөвлөсөн аж. Түүний хэлснээр Нисэхийн эцэст амьдардаг бөгөөд эмчийнхээ хэлж өгсөн эмийг авахын тулд Тавдугаар сургуулийн баруун талд байрлах тус эмийн санд ирсэн гэдгээ ярив.
Эмийн санг зорьж ирэх хүмүүстэй уулзахаар хэсэг зуур хүлээсний эцэст 40 орчим насны эрэгтэй ирэв. Тэрбээр тус эмийн сангаас 87 мянган төгрөгийн үнэтэй элэгний эмийг дөрөв дэх удаагаа авахаар ирж байгаа аж. Түүнд энэ эмийн сангаас авах саналыг СХД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч н.Гэрэл гэх хүн зөвлөсөн гэлээ. Бид “Мон Арго” эмийн сангийн дарга гэж өөрийгөө танилцуулсан н.Цэрэн-Очир гэх залуутай уулзахад тэрбээр, “Манайх үйл ажиллагаа явуулаад арваад жил болж байна. Албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага. Бид ОХУ-аас байгалийн болон ургамлын гаралтай эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирдэг. Ямар ч химийн орц байхгүй, цэвэр байгалийн болон амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай. Ийм бүтээгдэхүүн оруулж ирээд багагүй хугацаа өнгөрсөн учраас мэддэг хүмүүс их болсон. Мэддэг нь бусаддаа зөвлөх нь юу нь буруу юм бэ” гэсэн тайлбарыг өгөв.
Нөхцөл байдлын талаар МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Б.Байгальмаагаас тодруулахад “Эмч эмийн жор бичихээс биш эмнэлэг, эмийн сан зааж өгөх ямар ч эрх байхгүй. Эмч, эмнэлгийн ажилтан хувьдаа эмнэлгийн байгууллага ажиллуулах эрх нээлттэй ч ажлын цагаар зөвхөн ажлын байрандаа байх ёстой. Өөрөөр хэлбэл, хувийн эрүүл мэндийн байгууллага ажиллуулах бол улсын эмнэлэгт ажиллах боломжгүй. Хэрэв тийм зөрчил байгаа бол эмчийн ёсзүйтэй холбоотой асуудал болно. НЭМГ-т эмчийн ёсзүй хариуцсан мэргэжилтэн байгаа.” гэв. Түүний зөвлөсний дагуу НЭМГ-т очиход Ёс зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Б.Одгэрэл эзгүй байлаа. Харин тасгийн бусад мэргэжилтний хэлснээр “Эмч нар ийм үйлдэл гаргасан нь үнэн бол манайд өргөдөл, гомдол гаргаад бид хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Хяналт шалгалтыг МХЕГ тавих үүрэгтэй. МХЕГ-аас шалгаад, ийм зөрчил гарсныг илрүүлэн манайд шилжүүсэний дараа хариуцлага тооцдог. Тиймээс МХЕГ-т хяналтын асуудлыг хариуцна” гэсэн хариултыг өглөө. Эмнэлэг тойрсон далд бизнес ногоон гэрлээр урагшлаад байна уу гэлтэй. Иргэдийн цахим орчинд шуугиад байгаа шүүмжлэл үнэний ортой аж.