Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро барих төслийн хүрээнд БНСУ-ын “Духуа инженеринг” ХК зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон билээ.
Зөвлөх үйлчилгээний гэрээнд хэдхэн сарын өмнө гарын үсэг зурж баталгаажуулж байсан бол өнөөдөр метроны үйл ажиллагааг эхлүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэх гурвалсан санамж бичгийг “Духуа инженеринг”, ШУТИС-тай хамтран байгуулжээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан орлогч дарга Л.Хосбаяр оролцсон байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 600 орчим мэргэжилтэн бэлтгэхээр санамж бичигт тусгасан аж. Зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” ХК болон ШУТИС хамтраад 2030 он гэхэд 600 мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг.
Энэ талаар Л.Хосбаяр орлогч хэлэхдээ "Санамж бичгийг 2025-2030 оны хооронд хамтран ажиллахаар байгуулжээ. Гурван талт хамтын ажиллагаа эхлүүлснээр сургалтын хөтөлбөр боловсруулах, БНСУ-ын Их, дээд сургуулиудтай холбоо тогтоох ажлууд эхэлж байна.
Сургалтын хөтөлбөрийг энэ ондоо багтаан боловсруулж, ШУТИС-ийн багш нарыг Монгол Улс дахь сургалтанд зориулж бэлтгэнэ.
Эхний элсэлтийг 2025 оны есдүгээр сард авах аж. Метроны мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2+2 хөтөлбөрөөр буюу эхний хоёр жил ШУТИС-д, дараагийн хоёр жилд БНСУ-ын Их, дээд сургуулиудад суралцах загвараар явуулна" гэлээ.