“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шат энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн билээ. Хамрагдалт хэр байгаа болон эмчилгээнд хэрхэн хамрагдах талаар НЭМГ-ын Сэтгэц хавдрын асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Батцэцэгээс тодрууллаа.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шат хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Хамрагдалт хэр байна вэ?
-Хоёрдугаар шатанд 15-39 насныхан хамрагдаж байна. Энэ насны иргэд ихэвчлэн оюутан, залуучууд байгаа. Энэ хүрээнд бүх их, дээд сургуулийн оюутныг вирус илрүүлгийн шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг эхлүүлсэн. Оюутны холбоо болон боловсролын байгууллага өөрсдөө сурагчид болон оюутнуудыгаа эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулсан байх ёстой. Мөн Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдыг аль болохоор 100 хувь илрүүлэг шинжилгээнд хамруулах ёстой.
-Хоёрдугаар шатанд ямар зорилт тавин ажиллаж байгаа вэ?
-Өнгөрсөн онд хийсэн 40-65 насныхны илрүүлэг шинжилгээг үргэлжлүүлнэ. Мөн иргэн өөрөө хүсвэл 65-аас дээш насныхан энэ шинжилгээнд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, 15-аас дээш насны бүх иргэд эрүүл мэндийн даатгал төлсөн тохиолдолд энэ илрүүлэг эмчилгээнд хамрагдаад цаашлаад вирус тоолуулах, вирусын эсрэг эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Хоёрдугаар шат эхлээд Эрүүл мэндийн сайдын шинэчилсэн тушаал, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас журам өөрчлөгдөж гарсан. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвд В, С вирус байгаа эсэхийг хурдавчилсан аргаар илрүүлэх шинжилгээнд орно. Вирус илрээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч давтан шинжилгээ яаж өгөх талаар зөвлөгөө өгнө. Мөн өрхийн эрүүл мэндийн төвд цахим бүртгэлд орно. Бүртгэгдсэн тохиолдолд цаашид оношилгоо, шинжилгээ хийх боломжууд нээгдэнэ.
-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд бүх эмчилгээ үнэ төлбөргүй гэж ойлгож болох уу?
-Вирусыг үнэгүй тоолох байтал хувийн эмнэлэгт очоод мөнгөөр тоолуулдаг. Иргэддээ анхааруулж хэлэхэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн бол амбулторын карт болон иргэний үнэмлэхтэйгээ өрхийн эрүүл мэндийн төвд хандахад үлрүүлэг шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой. Өрхийн эмнэлэгт хурдавчилсан оношлуураар С вирус эргэлзээтэй гарсан тохиолдолд баталгаажуулах шинжилгээг бүх Дүүргийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй хийж байгаа. Зарим иргэд өрхийн эмнэлэгт хийсэн шинжилгээний хариу эргэлзээтэй гарахаар хувийн эмнэлэгт очоод мөнгө төлөх болдог. Энэ дээр иргэд анхаарах ёстой. Өрхийн эмнэлэгт илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ буюу баталгаажуулах шинжилгээ хийнэ. Дараа нь Дүүргийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмчийн хяналтад очих ёстой. Хэрвээ вирус илэрсэн тохиолдолд эмчтэйгээ уулзаад, эмчилгээнд хамрагдах боломжтой. Энэ тохиолдолд вирус тоолуулах буюу вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдана. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн зөвшөөрөлтэй 22 лаборатори байдаг. Энэ лабораториудад даатгалаараа мөн үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.
-Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй тохиолдолд яах вэ?
-Илрүүлэг, баталгаажуулах, вирус тоолуулах шинжилгээ, эмчилгээ нь бүгд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг. Тиймээс иргэн заавал эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, өчнөөн сая төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм. Эмчилгээний хувьд эрүүл мэндийн даатгалын сангаас В, С вирусын эмнүүд хөнгөлөлттэй эмэнд хамрагдсан. С вирусын эмчилгээнд гэхэд долоон эм хэрэглэгдээд явж байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийг эмчилгээндээ хэрэглэх боломжтой. Үүнээс гадна, илрүүлэг шинжилгээнд иргэн нэг удаа үнэ төлбөргүй даатгалаас хамрагдах. С вирустэй гарсан тохиолдолд эмчилгээ хийгдэж байгаа бол хоёр удаа үнэгүй тоолуулах боломжтой.