ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

O.Admin
2024-10-07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар 2022 оны аравдугаар сарын 07-нд нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавьж байсан юм. Тус өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч “Өгөөмөр баян дэнж” ХХК нийт 45 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр, орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн барьж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Нийслэлийн олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын барилга болон тоног төхөөрөмж нь хуучирч, орны хүрэлцээ муутай олон жилийн нүүр үзсэн. Энэ хугацаанд тус эмнэлэг 500 гаруй мянган үрсийг эх барьж авсан. 59  жилийн дараа өргөтгөлийн шинэ эмнэлгийн барилгатай болсноор эх, нярайн төрөлт хэрхэн сайжрах талаар тус эмнэлгийн дарга Б.Мөнхсайхан Ерөнхий сайдад танилцуулав.

Засгийн газар түүхэндээ анх удаа буюу 2021 онд эрүүл мэндийн салбарт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь тухайн үедээ тус салбарт сүүлийн 12 жилд хийсэн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод төсвийн энэ хөрөнгө оруулалтаар төрөх эмнэлгүүдийн өргөтгөлийн барилгын санхүүжилтыг шийдсэн. Богино хугацаанд ашиглалтад оруулсан гүйцэтгэгч компаниуд болон эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

“Хүрээ” амаржих газрын өргөтгөлөөс гадна улсдаа хамгийн томд тооцогддог Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгийг мөн 2021 онд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шийдвэрлэхээ илэрхийлж байв. Энэ дагуу хөрөнгө оруулалт, барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж ашиглалтад орсон байна.

“Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн шинэ өргөтгөлөөр орж, тус эмнэлгийн эмч, ажилтнууд, эхчүүд, эмэгтэйчүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Засгийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2021-2023 онд нийт 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвд эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн шинэ дөрвөн давхар барилга, 2772 м2 талбайтай Перинатологийн төв ашиглалтанд орсон. Мөн Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн зургаан давхар, 9000 м2 талбайтай шинэ барилгын ажил  85 хувьтай үргэлжилж байна.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны төсөвт тусгагджээ. Онцгойлон төрөх тасгийн засвар хийгдэж гэр бүлтэйгээ хамт, төрдөг 10 өрөөтэй болсноор үйлчлүүлэгчийн болон эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл ханамж сайжирсан талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа Ерөнхий сайдад танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд сүүлийн гурван жилд 175.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 79.1 тэрбум төгрөгийг барилга, 31 тэрбум төгрөгийг их засварт, 65.2 тэрбум төгрөгийг орчин үеийн шинэ техник тоног төхөөрөмжид зарцуулжээ. Энэ хүрээнд “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн барилга, Түлэнхийн төв эмнэлэг, Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”, Яармагийн “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”, аймаг, дүүрэг, сумын эрүүл мэндийн төвийн барилгын төслүүдийг дуусгаж, аймаг, сумдад орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвүүдийг байгуулаад байна.