ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дараа сарын 25 даанч хол байна даа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-01

Гадны аль ч улсын авлигатай тэмцдэг газар манайх шиг ажиллаж чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Тэд авлигыг хэтэрхий үзэн ядаж, хэрэгтнийг хэдэн үеэр нь залхаан цээрлүүлж, бүх насаар нь хорих гэх мэтээр дэндүү харгис арга хэмжээ авах юм. Энэ муухай харгислалаас болж, бүлэг хүмүүс хөрөнгөжих байдлыг үгүй хийж, амархан аргаар баяжих залгамж халааг үндсээр нь тасдаж байна. Үндэсгүй юм яаж нахиалж, соёолох билээ. Тэгвэл эдгээр хүмүүст манай улсын АТГ-аас суралц гэж хэлмээр байна. Олон улсын харилцаагаа бодсон ч туршлага солилцох нь буруу зүйл биш. Манай улсын АТГ үнэхээр сэтгэлд хүртэл ажиллаж чаддаг юм.

Тэд ажлаа мэддэг, хийдэг. Гурван сая хүнийг хэрхэн догдлуулж, баярлуулж, гэнэтийн бэлэг барих вэ гэдгээ андахгүй мэднэ. Бүр хэвлэлийн бидэнд бичих сэдэв өгөхийн тулд хэнийг ч хамаагүй барьж байна, тэд. Монголчуудыг огшоож, омогшуулна. Бариад хориосой гэсэн бүх хүнийг нь барьж үйлчилнэ. Тэд сар бүрийн  25-нд ажлаа олон нийтэд тайлагнадаг болсон. Тайлан тавихаас 1-2 хоногийн өмнө хэн нэгэн сэжигтнийг баривчилж, дуулиан тарьдаг. Зүгээр ч нэг хүнийг баривчлахгүй. Олон улсын хил дамнасан томоохон хэрэгтнийг барина, эсвэл олон нийтийн санал асуулгаар гэмт хэрэгтэн гэж цоллуулсан хэн нэгнийг хэвлэлийн хуралдаа зориулж баривчилна.

За тэгээд хэвлэлийн хурал дууслаа маргааш нь тавиад явуулчихна. Худлаа гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн экс даргыг өглөө нь баривчлаад маргааш нь суллачихлаа. Ийм л шуурхай. Хэрэгт холбоогүй, гэмгүй гэдгийг нэг өдрийн хугацаанд  тогтоочихсон байна шүү дээ. Супер байгаа биз дээ. Баахан хэвлэлийг цуглуулж байгаад хурлаа сүр дуулиантай хийчихлээ. Олон нийт ямар бариасай гэсэн болохоос ялыг нь хүлээлгэж, шоронд оруул гэсэн биш. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ч.Ганзориг чинь бүгд л хэвлэлийн хуралд зориулсан гэнэтийн бэлэг байсан юм шүү дээ, монголчууд минь. Одоо ирэх сарын 25-нд хэнийг баривчлуулах вэ гэдгээ санал асуулгаар шийдье. Манай АТГ-ынхан бариад л өгнө. Ах дүүгээсээ, ажлын хамтрагчаасаа баривчлуулж болно. Эсвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараар санал асуулга явуулж болж байна. Гэм буруутай гэж сэрдэж буй хэнийг ч байсан АТГ-т хэлж бариулчихъя. Тэд нэг өдрийн дотор л гэмтэй, гэмгүйг нь тогтоочихдог. Дараа сарын 25 даанч хол байна даа.