Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрлөө. Цагдаа, тагнуулын байгууллага уг аллагыг 18 жил мөрдсөний эцэст гүйцэтгэгч нарыг илрүүлж, шүүх гэм буруутай болохыг тогтоосноос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Түүний амиа алдсан өдөр өнөөдөр тохиож байна.
Гурван шатны шүүх уг аллагын гүйцэтгэгч нарыг нэгэнт тогтоочихсон учраас хэргийн захиалагчийг олох, илрүүлэх ажил одоо хийгдэж байгаа. Гэвч аллагын захиалга өгсөн хүмүүсийг илрүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ажил саяхнаас хийгдэж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр уг ажил Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хэрэгжиж байгаа гэх. “Ц.Нямдорж сайдын шууд удирдлага дор ажилладаг ЦЕГ-ын дарга С.Баатаржав генерал захиалагчийг илрүүлэх чиг үүрэгтэй хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦЕГ-ыг төлөөлөн ажиллаж буй мөрдөгчдөд гурав хоногийн өмнөөс хүчтэй шахалт үзүүлж эхэлсэн” гэдгийг эх сурвалж хэллээ.
Тухайлбал, 2014 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, гүйцэтгэгч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарыг илрүүлэхэд оролцсон мөрдөгч н.Баттөмөрийг шалтгаангүйгээр үүрэгт ажлаа өгч ажлын хэсгээс гарахыг шаардаж байгаа сураг дуулдав.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон нэр бүхий УИХ-ын гишүүд хөндлөнгөөс хэт оролцож, мөрдөн байцаагчдын 20 жилийн ажлын үр дүнг үндэслэлгүйгээр үгүйсгэж байдаг тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр олонтаа гарсан. Тэр ч бүү хэл хэргийн газарт үлдсэн цорын ганц гэрч гэгддэг байсан Б.Булганыг сэжигтэн бус захиалагчдын талд ажилласан хэмээн үзэж яллагдагчаар татчихаад байхад Ц.Нямдорж сайд өмөөрч, хэрэгт холбогдолгүй хэмээн олон нийтэд мэдээлсээр байгаа юм.
Одоогоос нэг жилийн өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улстөрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байсан.
Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар томилогдох бүртээ ажлын хэсгийнхнийг өөрчилж байгаа нь улс төрийн захиалгатай уг ажлыг илрүүлэхэд ихээхэн саад уруулж, улмаар гэмт хэрэгтнүүдэд ял завших боломжийг бүрдүүлж байна гэдгийг эх сурвалж хэлсэн юм.
Хэрвээ Ц.Нямдорж сайдын үүрэг даалгавраар Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа албан хаагчдыг шинэ бүрэлдэхүүнээр солих аваас захиалагчийг илрүүлэх ажил талаар болж, хойтон жилийн сонгуулийн шоу болж дуусах нь тодорхой юм.