ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Би ч гэсэн хэрэлдмээр байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-02

Сүүлийн үед хүмүүс хэнтэй ч хамаагүй дотроо онгойтол хэрэлдчихдэг болоод байгаа. Бүр машинд хүртэл агсам тавьж, өвдөх юм уу ямар гээд цохиод авч байгаа харагдах. Замын түгжрэлээс эхлээд элдэв асуудалд тэсгэл алдан бухимдахдаа л ингэж нэг тайтгардаг бололтой юм. 

Яадаг юм тэгвэл би ч гэсэн хэрэлдмээр байна. Ажилдаа явах гэж автобусанд “дайн” болж байна, цаана чинь. Автобус биш автомашин хөлөглөдгүүд нь хэрэлдээд байхад бид яагаад болохгүй гэж. Өмнөөс минь түлхэх, араас минь нудрах, үснээс минь татах, хөл дээр минь гишгэх үл таних хүмүүстэй хэрэлдмээр байна. Үгүй ядахад өвдөх юм биш цүнхийг нь ч гэсэн цохиод авмаар санагдах юм. Босохын завдалгүй элдвээр хэлж, суух зуураа баярлалаа гэхийн оронд ширэв татан нудардаг 40 гаруй насныхныг “аятайхан бууралтаач” гээд хэлчихмээр л байх юм.

Ажлаасаа хоцрох гээд яарч байхад эгнээ дайраад хөндөлсөн зогсох машиныг бууж очоод өшиглөөд авмаар байна. Яадаг юм, би ч гэсэн бухимдаад байна. Ээж шиг минь хүн гудамжинд тасраад уначихсан байхад, дүү шиг минь залуу гуйлга гуйгаад дуулж суухыг харахдаа хэнтэй ч юм хэрэлдчихмээр байна. Асуулт бүрт загнан хариулж, өвдсөний төлөө ялтан болгох улсын эмнэлгийнхэнтэй хэрэлдмээр байна. Хүнд суртал мода болсон төрийн албаныхантай ч нэгийгээ үзмээр санагдана. Би ч гэсэн бусдыг айлгаж бухимдлаа тайлмаар байна.