АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тэднийг яллагдагчаар татаж, шүүхээс ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулан шалгах шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар шүүх бүрэлдэхүүн энэ сарын 1-нд хуралдаж, мөрдөн байцаалтын явцад шинээр илэрсэн нотлох баримтад тулгуурлан үргэлжлүүлэн тус бүр 15 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ дуусгавар болж байгаатай холбогдуулан прокуророос үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Харин шүүх хурал өнөөдөр 15:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх юм байна.