Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Транспэрэнси Интернэшнл" байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Франсуа Валерианыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, ноён Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, үл тэвчих хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгааг онцлоод дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд, Авлигын эсрэг багц хууль болон Хүний эрхийн багц хууль, тэр дундаа Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөлд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, улс төрд нөлөө бүхий 3000 орчим хүнийг шалгах, хууль бусаар олсон хөрөнгийг нь хураах зохицуулалт тусгасан талаар нээлттэй мэдээлэл өглөө.
Түүнчлэн хуулийн цоорхой ашиглан ял завшдаг байдлыг үгүй хийж, Авилгатай тэмцэх газраас гадна Цагдаагийн байгууллага хэрэг шалгах тухай болон салбарын бусад асуудал, хамтын ажиллагааны талаар талууд санал солилцов.
Уулзалтад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа болон "Транспэрэнси Интернэшнл Монгол" байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал нар байлцлаа.