Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах эрхийн сонгон шалгаруулалтыг 2024 оны есдүгээр сард өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизүүдийн дунд нээлттэй зарласан.
Энэхүү сонгон шалгаруулалтад оролцсон телевизүүдээс “NTV” телевиз зохих нөхцөл, шаардлагыг хангасан болон бусад саналыг ирүүлсэнээр ирэх онд зохион байгуулагдах бөхийн барилдаануудыг “ОНЦГОЙ ЭРХТЭЙ”-гээр улс орон даяар үзэгчдэд “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ”, дуу дүрсний өндөр чанар, шинэ формат, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээр хүргэх хариуцлагатай үүргийг хүлээн авч байна.
Хамтран ажиллах гэрээнд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, “Медиа групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Баярбат нар гарын үсэг зурлаа.
Дашрамд сонордуулахад, МҮБХ-ноос “Монгол Үндэсний бөх-Бидний үе дамжсан үнэт өв, Үндэсний бахархал” шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.