ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Удирдсан компаниа нэг жил алдагдалтай ажиллуулсан захирлыг ажлаас нь чөлөөлнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулах хуулийн төслийг Засгийн газарт маргааш өргөн барих бөгөөд энэ хүрээнд өнөөдөр /2025.01.07/ Худалдаа аж үйлдвэрийн танхимд ЗГХЭГ-аас хэлэлцүүлэг зохион байгууллаа. Төрийн өмчит компанийн удирдлагууд, судлаачид эдийн засагчдын дунд зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт хуулийн төслийг санаачлагч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илтгэл тавьсан юм.

Тэрбээр, энэ талаараа хэвлэлд мэдээлэл өглөө. Н.Учрал сайд хэлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчит компаниудаа тоолж чадахгүй байна. Өдөр бүр л энд тэнд байгуулагдаж байгаа, улсын төсвөөс гадна тэнд бас нэг төсөв бий болчихсон, энэ хууль батлагдвал энэ бүгд цэгцэрнэ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах тухай хуулийн хэлэлцүүлэг явж байна. Статусыг нь цэгцэлнэ.

Гурван жил санхүүгийн алдагдал хүлээсэн бол шууд тухайн компанийг татан буулгана. Төрийн өмчийн компанийн хуулиар үр ашигтай, өгөөжтэй ажиллаж байгаа компаниудыг үлдээнэ. Алдагдал хүлээж байгааг нь татан буулгаж, нэгтгэж, өөрчилж зохион байгуулна аа. Хууль гарснаар төр ямар бизнест оролцох юм, ямарт нь оролцохгүй юм бэ гэдгийг тодорхой тусгаж өгнө гэсэн үг.

Дараа, дараагийн Засгийн газрууд төрийн өмчит компанийн талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулна аа. Ингэснээр аль компани IPO хийх юм, өөрчлөлтийг яаж хийснээр зардал бууруулах вэ гэдэг нь тодорхой болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 122 компани байна гэсэн мэдээллийг ирүүлсэн. Эндээс 51 хуулийн этгээд 381 тэрбумын ашигтай, таван хуулийн этгээд 4.85 хувь, мөн адил аж ахуйн нэгж огт ашиггүй ажилласан байна. Ашиггүй ажилладаг ТӨК гэж огт байх ёсгүй.

Л.Оюун-Эрдэний Засгийн газар баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Тэгвэл үүнийг нэмэгдүүлэхэд төрийн өмчийн компаниуд хувь нэмрээ оруулах ёстой. Уул уурхайн компаниуд "Эрдэнэс Монгол" нэгдлээр дамжуулаад 480 тэрбумыг жилийн хугацаанд хуримтлалын санд оруулсан. Эндээс иргэн бүрд 135 мянган төгрөг харагдаж байгаа.

Тэгвэл энэ мөнгийг нэмэгдүүлэхийн төлөө Төрийн өмчийн компанийн тухай хуулиа өөрчилж, засаглалыг илүү нээлттэй, ил тод болгох гэж байна. Нийтдээ 72 мэдээлэл ил тод болно. Нуух хаах боломжгүй болно. Улс төрийн намаас томилсон албан тушаалтнуудын мэдээлэл ч ил болно.

Авлига, ашиг сонирхолд холбогдоогүй байх зэрэг өндөр шаардлагууд тавигдах юм. Цаашдаа менежментийн өөрчлөлт хийнэ. Корпорацийн зарчмаар ажиллах хуулийн төслийг маргааш Засгийн газарт өргөн мэдүүлснээр 122 компанийг 70 болгож бууруулах нь ээ. Нэг хүнийг томилчхоод дөрвөн жил болдог биш салбартаа мэргэшсэн байдлыг нь харж, ашигтай ажиллуулсан эсэхийг нь хөндлөнгийн аудитаар дүгнүүлж ажлаа хангалтгүй хийсэн байвал өөрчлөх байдлаар явахгүй бол алдагдал замбараагаа алдлаа.

43 хуулийн этгээд -154 тэрбумын алдагдалтай ажилласан гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргачихсан байна шүү дээ. Гэтэл зарим компаниуд статус нь ойлгомжгүй учраас ТУЗ-гүй, Гүйцэтгэх захирал нь бүх эрх мэдлээ хэрэгжүүлээд явж байна шүү дээ. Дотоод аудит ч санхүүгийн болон техникийн аудит хиймээр байгаа юм. Санхүүгийн алдагдал хүлээгээд байгаа компаниудыг байлгаад байх ёстой юу.

Гурван жил дарааллаж алдагдал нь буураагүй бол шууд татан буулгая. Нэг жилийн хугацаанд компаниа ашигтай ажиллуулж чадаагүй захирлыг шууд ажлаас нь чөлөөлөх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар компаниудыг ижил чиг үүргийнх нь дагуу корпорацийн зарчмаар ажиллуулах бөгөөд уул уурхайн компаниуд "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд, уул уурхайн бус компаниуд Төрийн өмчийн корпорацийн харьяанд орж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэгдсэн байдлаар хянаж явахаар өөрчлөгдөх нь ээ.