Цалингийн доод хэмжээ 1.025.600 байна гэх гайт тоог зарласнаас хойш тайван амьдрал минь амар заяа үзэхээ байлаа. Олонд зарласан энэ их тооны тал ч хүрэхгүйг авдаг надаас цалингынхаа талыг хайчуулахвий гээд хажуудах маань чинь нэхээд суулгахаа байлаа. Уг нь манайх цалин буусан өдөр цагаан сар шиг л юм болдог байсан юм. Гэтэл одоо Долдой зарцын еэвэнгийн үлгэрээр тал цалингийн учрыг олох гэж аргаа барах болов.
Статистикийн хорооны дүн зөв юм бол өөрийнх цалингийн тал тэгвэл хаачихдаг байна гэж би ч бас сэм сэрдэх. Авдагаа л авлаа гэж гадагшаа би өөрийгөө өмөөрсөн ч үнэхээр үнэн юм бол цалингийн минь тал нээрэн хааччихав гэж дотогшоо бас гайхширах болов. Толгой муутай хүнээр тоо бодуулж, толгойдоо суурьгүй хүнээр төр түшилцүүлсний гай энэ гэж эцэс сүүлд нь статистикийн хороонд агсам тавимаар ч санагдах шиг. Ах дүү, амраг садан, айлын маань айл гээд миний мэдэх ажилчин ангийнхан бүгд л энэ тооны талыг авч байхад хаанаасаа гараад ирдэг гайт нэг сая төгрөг вэ гэж толгой гашилгаж сууна.
Ухаалаг утасны үнэ гурван сая хол давлаа, ухаантай хүний цалин нэг саяд алд дутлаа гэж цахимаар нэг цуурцгааж байгаа энэ үед яаж бодохоороо дундаж цалин ийм гайхалтай гардаг юм бол. Статистикийнхан энэ тоогоо дахин нэг бодохгүй бол гэр бүлийн амьдралаа бид дахин нэг бодоход хүрэх нь байна шүү, та минь.