УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ “Миний бие энэ хуулийн төслийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй явсаар Дэгийн тухай хуулийн дагуу буцсан. Тэгвэл өнөөдөр улс төрийн намуудын гишүүдийн төлөөлөлтэй хамтран дахин өргөн барьж байна. Татварын хувь хэмжээг бууруулснаар НӨАТ төлөлт буурна гэж байхгүй. Эсрэгээрээ татвар төлөхгүй орлогоо нууж байгаа аж ахуйн нэгжүүд төлж эхэлнэ. Ингэсний үр дүнд татварын орлого нэмэгдэнэ. Эдийн засаг татвараас үл шалтгаалан өсөх юм. НӨАТ-ын татварыг таван хувь болгосноор өнгөрөгч онд татварын орлого 3.8 их наядаар бус нэг их наядаар тасрах байлаа” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Аж ахуй эрхлэгчдэд энэ татвар маш том дарамт болдог. НӨАТ-ын буцаан олголтоо авах гэдэгт нэлээд том асуудал үүсдэг. Анхнаасаа 10 хувь гэдэг татварын хэмжээг багасгаснаар аж ахуйн нэгжийн дарамтыг бууруулахаас гадна бүтээгдэхүүний үнэ буурснаар иргэдэд ирэх дарамт ч буурах юм” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн А.Ундраа “НӨАТ-ын татварыг бууруулах нь эдийн засгийг илүү ил тод болгохоос гадна албан эдийн засгийг дэмжиж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Хамгийн чухал нь татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа төрийн дарамтыг бууруулах юм” гэв.
"НӨАТ-тай холбоотой хоёр асуудал яригддаг. Нэг нь хувь хэмжээг бууруулах, нөгөө нь буцаан олголтыг нэмэх. Өнөөдөр ямар ч байсан хувь хэмжээг бууруулах асуудлаар гишүүд нэгдлээ" гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ үеэр хэлж байлаа.
Тоон мэдээллийг харвал, Монгол Улсад бүртгэлтэй 180 мянган аж ахуйн нэгжийн 80 мянга орчим нь НӨАТ төлдөг бол хувиараа хөдөлмөр эрхлэгч 250 мянган иргэний 50 мянга нь НӨАТ төлөгч юм байна. НӨАТ-ын хувь хэмжээ хэт өндөр учраас татвараа үнэнчээр төлөх сонирхолгүй байгаагаас үүдэн өнгөрөгч онд гэхэд л 6.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд хэрвээ хувь хэмжээ буурвал төлөх аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, тэр хэрээр орлого нэмэгдэнэ гэдгийг хууль санаачлагчид онцоллоо.