ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайд О.Алтангэрэл удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо

O.Admin
3 цагийн өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний хоёр дахь өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар оролцлоо.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн биелэлтийг дээшлүүлэх, иргэдээс ирүүлж буй гомдол мэдээллийг багасгах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа талаар болон Монгол Улсын хэмжээнд шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах шийдвэр гаргах нь нэмэгдэж байгаа тул тус ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хяналтыг цахимжуулах нарийвчилсан судалгаа хийнэ гэдгийг танилцууллаа.

Түүнчлэн хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, нийт хүмүүжигчдийг хөдөлмөр эрхлүүлэх, ажлын байраар хангах бодлого баримталж байгаагаа дурдаад энэхүү ажил арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бүрэн хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам 2025 онд "Хууль зүйн салбар-Хиймэл оюун ухааны шилжилт" зорилт дэвшүүлж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдээд энэхүү зорилтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага түүчээлэн хэрэгжүүлж, ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд удирдах ажилтнуудад цаашид хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдсан “Залуу офицеруудыг дэмжих жил”, “Ахлагчийн жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага идэвх санаачилгатай, манлайлж оролцсон гэдгийг онцлон хэллээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг төлөөлөн оролцсон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын удирдлага, хамт олонд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байгаад “Талархал” илэрхийллээ.