ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улстөрчийг намнахдаа баялаг бүтээгчдээ дэгээдэж унагасаар байх уу

O.Admin
1 өдрийн өмнө

Үйлдвэрлэгч бус экспортлогч, жижиг зах зээлтэй, татварын дарамт хийгээд төрийн хүнд суртал чинээндээ тулсан Монгол Улсад бизнес эрхэлнэ гэдэг хэн хүний хийдэг зүйл биш. Эр зоригтой хүн л энэ улсад юм хийх гэж оролдож, бүдэрч босож, дампуурч дундаас нь өндийж босохоор чардайж байдаг гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх шүү.

Төр нь хувийн хэвшилтэйгээ хийх ажлаа булаалддаг, эсвэл нухчин дардаг ийм цөвүүн цагт татвараа цаг хугацаанд нь төлж, иргэдээ ажлын байраар хангаж, үйлдвэрлэл эрхэлж экспортын хараат байдлаас улс орноо салгах гэж чардайж буй зарим нэг аж ахуйн нэгжүүдээ бид хамгаалах учиртай юм.

Тухайлбал, сүүлийн үед Засгийн газар, MCS хоёрын зодооноос үүдэн энэ улсад хэн нь яг жинхнээсээ баялаг бүтээж байна вэ гэдэг асуултыг дагуулав. “Эзэн нь юмаа мэддэг эрэг нь усаа хашдаг” гэгчээр төрийн өмчийг хууль бусаар хувьчилж авсан эсвэл дээрэмдэж эзэн суучихаад цаашаа илүү давардаг, улсын эрх ашиг биш компанийн эрх ашгаа өмнөө тавьж, төрийг хүссэнээрээ удирдаж, “хөгжим захиалдаг” MCS мэтийн компаниудыг бид “За яах вэ” хэмээн толгойг нь илээд байж бас боломгүй. Тэд хэдийгээр шилдэг татвар төлөгч, ажлын байр бий болгогч байлаа ч хууль бус зүйлтэй нэр холбогдож, төрийн хуулийг үл тоож, улстөрчдөөр хүссэн шийдвэрээ гаргуулан мөнгө олж, түүгээрээ үйлдвэрлэл эрхэлдэг бол баялаг бүтээгч хэмээн өмгөөлөөд байх боломжгүй.

Өндийж босох гэж зүтгэж байгаа жижиг аж ахуйн нэгж, компаниудаа татан унагадаг, тэдний боломжоос хулгайлж буй атлаа “Бид бол баялаг бүтээгч. Манайх тэдэн тэрбумаар улсад татвар төлдөг. Бид ажлын байр бий болгогч” хэмээн цээжээ дэлдээд байх нь учир дутагдалтай. Гэхдээ олны дунд энэ мэт саар бий ч гэлээ сайн нь бас түүнээс олон бий. Бүтээгдэхүүн хийдэг, борлуулдаг, түүнээсээ улсдаа татвараа төлөөд, ажлын байр бий болгоод явж буй “Талх чихэр”, “АПУ”, ТЭСО групп шиг аж ахуйн нэгжүүд олон бий. Монголын ард түмний амьдрал тэдний нуруун дээр л явдаг гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй байх. Гэтэл ийм аж ахуйн нэгжүүдээ бид улс төрийн элдэв зодоондоо татан оруулж ирээд бүүллийдэж, улстөрчийг унагах зэвсэг болгон ашиглаад байвал энэ улсад хэн баялгийг жинхнээсээ бүтээж үлдэх вэ гэдэг нь эргэлзээ дагуулах билээ.

Тухайлбал, сүүлийн хэдэн өдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг бүлэглэлийн эрх ашигт үйлчилж байна хэмээн намнахдаа түүний өмнө, хойно ажилласан байгууллагыг нь хүртэл татан оролцуулж байгаад намнаж гарлаа. Тэр MCS-т үйлчилж байр авсны шагналдаа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөн бол энэ нь тусдаа асуудал.

Харин өмнө ажиллаж байсан гээд АПУ, Шунхлай бүр NTV телевиз энэ асуудалд хамаатай гэж холбох нь өөрөө хэрээс хэтэрсэн солиорол болчихоод байгаа юм. О.Цогтгэрэл тухайлбал “Тэсо”-г үүсгэн байгуулсан байлаа гээд улстөрчийг нь намнахдаа компанийг нь хамаатуулан унагадаг, дайрдаг, нэр хүндэд нь халддаг байж хэрхэвч болохгүй. Ерөөс 100 гаруйхан том бизнес эрхлэгчдийн нуруун дээр Монголын нийгэм эдийн засаг, хүн амын амьжиргаа, өрхийн бизнес явж буйг бодож цааш, цаашдаа ч бүлэглэл хийгээд улстөрчдийн зодоон дундаас бизнес эрхлэгчдээ хамгаалж үлдмээр.

Төрийн их дарамтын хажуугаар, нийгмийн энэ их талцал хуваагдал дунд тэнд мөрөөрөө ажлаа хийж байгаа “Шунхлай”-гийн түгээгч буруутан болж, нийгэмд адлуулна гэдэг Монголд улс төрийн хийрхэл, хэнээрхэл, талцал чинээндээ тулсны үр дүн. Ямартай л мэдэгдэл хүртэл гаргаж, энэ зодоонд чинь бид огт хамаагүй хэмээн мэдэгдэх билээ, тэд.

Улстөрчдийн зодоон, тэмцэл дунд ард түмнээс гадна үндэсний аж ахуйн нэгжүүд сөхөрдөг “чөтгөрийн тойрог” шиг байдлаас бид гарахгүй л бол гадагшаагаа ч тэлж чадахгүй, дотоодод хөгжиж чадахгүй гацсаар мөнхийн хараат байдалтайгаа эвлэрч суухаас өөр аргагүйд хүрнэ. Бизнес эрхлэгчид маань ч цааш, цаашдаа улстөрчдөд хандив өгдөг эргээд түүндээ ороогддог, улс төрийн бүлэглэлтэй сүжрэлддэг байдлаасаа гарахгүй бол дагаад олон зуун хүний амьдрал, нэр төр, ажил мэргэжлийн асуудал явж байдаг гэдгийг ойлгож, асуудлыг ялгаж салгах цаг нь болжээ. Бизнесийг шударгаар хийдэг, төрөөс хулгайлдаггүй, тэднийг угжиж, тэжээхгүйгээр зарчмаараа л урагшлахгүй бол олон жилийн нэр хүнд, олж авсан бүх зүйл нь нэг удаагийн улстөржилт, зодоон дунд асар их эрсдэлд ордгийг бид MCS-ийн жишээнээс ч хангалттай олж харсан буй за.