16 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах хуулийн заалт оруулахаар судалгаа эхлүүлсэн талаараа Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангуяа Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох заалттай хууль баталсан нь дэлхий нийтийн анхаарал татсан.
Энэхүү хуулийг судлах, үр нөлөөг нягтлахын зэрэгцээ Монгол Улсад дээр дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирэхээр дээрх ажлын хэсэг судалгаагаа эхлүүллээ. 2020 онд хийсэн цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаарх үндэсний суурь судалгаагаас харахад, эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдүүд цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэдэг ойлголттой байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад өртөж, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй байна. Франц, Норвеги, Герман, Их Британи, Америк зэрэг улс орнуудад 13-15 насныхан сошиал сүлжээнд орохдоо эцэг эхээсээ зөвшөөрөл авдаг.
Олон нийтийн сүлжээгээр зохисгүй агуулга цацагдах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, цахим дээрэлхэлт үүсэх гэх мэт олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Залуу эцэг, эхчүүд хүүхдээд хооллохдоо байнга урд нь утас тавьж өгдөг. Утас байхгүй бол хүүхэд нь уйлж байгаа авчихдаг байдал нь хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байна
Мэдээж цахим хичээлийн асуудал энд хөндөгдөнө. Хүүхдүүдийн интернетэд хандах эрхийг бид хөндөхгүй. Цахим сургууль, юүтүүб бичлэг үзэх зэрэг нь нээлттэй" хэмээлээ.