ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож байна

O.Admin
10 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцож байна.

Энэ үеэрээ зарим улсын Гадаад хэргийн сайд нараас гадна олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Олон улсын хурал, арга хэмжээний үеэр уламжлал болон зохион байгуулагддаг ‘Феминист гадаад бодлогын сүлжээ’-ний сайд нарын түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Жар гаруй жилийн турш зохион байгуулагдаж буй Мюнхений бага хурлын оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжиж байна.