ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Дэлгэрсайхан: Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

O.Admin
9 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өчигдөр Харбин хотод болсон билээ.

Тэгвэл уг гэрээнд гарын үсэг зурсан Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдэл хийлээ. Б.Дэлгэрсайхан сайд хэлэхдээ “Хоёр улсын Засгийн газар хооронд хил дамнасан төмөр зам ялангуяа Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбох асуудлаар Засгийн газрын гэрээнд гарын үсэг зурах ёслол Харбин хотноо боллоо.

Төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийнэ. Тэр тусмаа холболтын ажлыг шуурхайлах ёстойг Ерөнхий сайд онцгой анхаарууллаа. Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын чуулган эхэлмэгц энэ гэрээ соёрхон батлагдаж, дараагийн жижиг гэрээнүүд хийгдэх юм. Уул уурхайн яам нүүрс олборлох гэрээгээ, Зам тээврийн яам хил дамнасан төмөр замаа холбох ажлыг аль болох дөрөвдүгээр сард эхлүүлэх талаар хоёр Улсын Ерөнхий сайд ярилцлаа.

Ингэснээр дараагийн замуудын асуудал илүү хурдан яригдана. Боломжтой замуудаа холбоё гэж шийдлээ. Мөн төмөр замаас гадна дотоодод тэр олон сая тонн нүүрсийг ачих дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийх юм. Энэ утгаараа Тавантолгой төмөр зам, Монголын төмөр замын менежментийг нийлүүлж, уурхайн ам руу төмөр замыг оруулах ажлыг хийнэ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд үүрэг болгосон учраас онцгой анхаарч, яаралтай шийднэ” гэлээ.