ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд бол хүн бүр нүддэг ерөнхий мишок юм

O.Admin
11 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хэвлэлд төдийлөн том ярилцлага өгч байгаагүй. Тэгвэл өнөөдөр “Өдрийн сонин”-д сэтгүүлч Э.Энэрэлд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох ишлэлийг түүвэрлэн хүргэж байна.

-Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна. Манайд ч энэ уур амьсгал нөлөөлөх нь ойлгомжтой.

-“Элдэв эрдэнэт” хэмээх могой жил монголчуудын хувьд Үндэсний баялгийн сан элдэв эрдэнээр баяжиж, иргэдийн хадгаламж болсон хуримтлалын сан арвижиж, төрийн үйл хэрэг, түмний санаа нэгэн талдаа гарна гэж бэлгэшээж байгаа.

-Дэлхийн бүх улс л голлох хөгжлийн үзүүлэлтээ тоогоор хэмждэг. Тооны дараа чанар яригдахаас биш тоо байхгүй чанар гэж байхгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.

-Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.

-Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой.

-Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.

-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа.

-Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай.

-Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй. Ийм байдал хэтэрвэл цаашид бие даасан цагдаа, армитай болох хүртлээ өргөжиж, эрх зүйт төрийн хэм хэмжээг давдаг муу жишээ олон бий.

-Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй.

-Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан. Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.

-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ. Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.

-Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Х.Баттулгыг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм.

-Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.

-Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт Ц.Элбэгдорж гэж хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…

-С.Зориг агсаны хэрэгт хоёр хүнийг гүтгэж хорьсон нь 21-р зууны хамгийн жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг хариуцлагатай хэлье. Лхүмбийн хэрэгтэй дүйцэхүйц хэрэг болсон. Цаг хугацаа бүгдийг шүүнэ.

-Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон.

-Гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй. Бас тэртээ тэргүй ирж буй цагийн урсгалыг хэт яарч, эсвэл авторлох гэж байгаад цагийн зүүг буцаагаад эргүүлчихсэн олон түүх бий. Голын урсац нэг өөрчлөгдчихвөл “Алтан өргөө” кино дээр гардаг шиг л юм болно.

-Ч.Лодойсамбуутай гишүүн болохоос нь өмнө уулзаж ч байгаагүй. Утсаар ч харилцаж үзээгүй. УИХ-ын гишүүдэд эргэлзээтэй зүйл байгаа бол уулзчих боломж нь байдаг шүү дээ. Нүүр тулж уулзалгүй улс төрийн дүгнэлт хийнэ гэдэг сайн зүйл биш.

-Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Бусад зүйл тэгээд цагийн аясаар өөрчлөгдөнө. Үлдэж хоцрох үр дүн л чухал.

-Саяхан булангийн орнуудаар айлчлаад “Mar­ket price” гэдэг хэлц үгтэй болсон. Төлөх л ёстой үнэ цэн. Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү. Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй.

-Хаа сайгүй л баг хуулагдаж байна. Дэлхийн II дайнаас хойш тогтсон хэм хэмжээ нэлээд өөрчлөгдөж байна. Дэд ерөнхийлөгч Вэнсээс эхлээд гал авч чаддаг итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй залуучууд ажиллаж байгаа нь таалагдаж байгаа. Дэлхийг хамарсан дайн зөрчил, худалдааны хориг арга хэмжээнээс хэн ч хожихгүй. Энэ тухай би олон улсын хэвлэлд хангалттай ярьсан даа.

-Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг.

-Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. Мэдээж ардчилсан улс гэдгээр барууны улс орнуудын жишээг улс төрд ярих дуртай байдаг. Гэхдээ бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай. Энэ утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн корридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.

-Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.

-Олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг.

-Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.