Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар болон цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр шийдвэр гарчээ.
Н.Учрал сайд энэ талаар мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн хугацаанд ҮСХ-ноос өгсөн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд тус гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 18-29 насны бүлэг 9.2, 47.7 хувийг 30-39 насны бүлэг эзэлж байгаа. Санхүүгийн мөрдөн шалгах албаны мэдээллээс нэгтгэн дүгнэхэд нийтдээ манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн.
6000 мянгаас 77 мянган ам.доллар хүртэлх гэрээ байгуулж, цахим мөрийтэй тоглоом явуулдаг “oneXbet”-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 мянган ам.доллар шилжиж ирсэн. Бүх төрлийн зар сурталчилгааг ивээн тэтгэх нэрийдлээр нэг сая хүрэхгүй доллар шилжиж орж ирсэн атлаа гадагшаа 500 сая ам.долларыг урсгажээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо 6036 хаягийг зогсоосон ч "vpn" ашиглаж, линкүүдээ сольж, үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Монополийн эсрэг газраас зөрчлийн шинжтэй энэ үйлдэлд нь 13 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвшөөрөл аваад явуулж байгаа, зөвшөөрөлгүй явуулж буй бүх төрлийн аж ахуй нэгжүүд, цахим мөрийтэй тоглоомыг дэмждэг агент, зуучлагчдыг бүрэн хориглохоор шийдлээ.
Цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Агентуудын үйл ажиллагааг бүрэн хориглож, мета хийгээд app store луу хуулийг хэрэгжүүлж, хамтарч ажиллах хүсэлт явуулснаар бүх төрлийн тоглоомын аппууд татагдахаа болино. Хэрвээ хууль зөрчиж, өөр төрлийн линкээр татаад тоглож, зуучилж байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Мөн банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар хөрөнгийг хязгаарлах, агентуудаар дамжуулж 2-5 хувийн шимтгэлийг авч байвал Монголбанк гадагшаа урсаж буй валютад хязгаарлалт хийх юм” гэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуульд
- Тусгай зөвшөөрөлгүйгээр Sport bet үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх
- Хориглосон цахим мөрийтэй тоглоомуудыг VPN бусад мэдээлэл технологи, программ хангамж ашиглан зохион байгуулсан бол 3-5 жил хорих
- Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих
- “AGENT” буюу цахим мөрийтэй тоглоомд зуучлагчдыг 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх
- Бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалтуудыг тусгалаа.
Зөрчлийн тухай хууль
- Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгалаа.
Банкны тухай хууль
- Мөрийтэй тоглоомын “AGENT”, зохион байгуулагчид хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр Ерөнхий сайдаас үүрэг өгч, бямба гараг бүр хуралддаг нийслэлийн “Шуурхай штаб”-ын хуралдаанаар энэ асуудлаар мэдээлэл нэгтгэж өгөхөөр болжээ.