ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Ухаа худаг"-ийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
5 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэхгүйгээр Монгол Улсын Засгийн газар, “Энержи Ресурс” компанийн хооронд байгуулсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх тухай арга хэмжээ авахыг Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар болон Ерөнхий сайдад үүрэг болгожээ.

Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэхдээ “Энэхүү тогтоолыг гаргасан хуульзүйн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх, Засгийн газарт танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас “Стратегийн ач холбогдол бүхий орд” гэж Их хурлаас тогтоосон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн энэхүү үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх эрх нь гагцхүү УИХ-д байгаа учраас Их хурлаас тогтоол баталж, энэхүү тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Засгийн газар тус аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох юм” гэлээ.