Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын 24-ны үүрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт “Дашваанжил” компанийн эзэмшилд байдаг том оврын автомашин их хэмжээний газ стандартын бусаар тээвэрлэн ачиж явахдаа “Ниссан патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, олон иргэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой хэрэг гарсан билээ.
Ослын улмаас нэг орон сууц тэр чигээрээ ашиглалтаас гарч, Онцгой байдлын гурван албан хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, таван хүн хүнд, 30 гаруй хүн хөнгөн гэмтэл авч, нийтдээ 18.8 тэрбумын хохирол учирсан байдаг. Ослын улмаас орон гэргүй болсон иргэд өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй, амь насаа алдсан иргэд ч төрөөс нөхөн төлбөр авч чадаагүй хохирсон байдалтай байгаа бөгөөд ослын үеэр ажлын хариуцлага алдсан жолооч Ч.Ренцэндорж, тус компанийн захирал Н.Баатаржав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болох байсан урьдчилсан шатны шүүх хурал нь “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хуралтай давхацсан учраас ийнхүү хойшлуулсан аж.