Би нэгэн сайн эр болж, олон дууны тэмцээнийг нэг амьсгаагаар хэлье ээ. “Уяачид дуулж байна”, “Малчид дуулж байна”, “Тамирчид дуулж байна”, “Оддын эрэлд”, “Оддын академ”, “My Voice”, “Voice”, “Universe best songs”, “Гэгээн алсын одод”. Монголчууд аргагүй л дууч ард түмэн юм. Энэ олон дууны тэмцээн зохион байгуулаад байхад л оролцох хүн зуу зуугаараа олдоод, өрсөлдөөд байна гээд бодохгүй юу. Цаашид дууны тэмцээн зохион байгуулах олон санаа байна. “Эмч дуулж байна”, “Цагдаа дуулж байна” гээд үргэлжлүүлж болно. Жаахан дээд зиндааны хүрээнд гэвэл “Гишүүд дуулж байна” гэдэг тэмцээн зохион байгуулахгүй юу.
Зарим гишүүд тойргоороо нэгдээд, хамтлаг байгуулаад оролцож ч магад. Бас “Твиттерчид дуулж байна” гэдэг тэмцээн зохион байгуулах хэрэгтэй байна. Улс орныхоо сайн сайнхны төлөө хэдхэн тэмдэгтэд ухаантай үгсээ багтааж бичих гэж тархи толгойгоо гашилгаж байгаа энэ хэдийгээ бид хайрлах ёстой. Ихэнх нь бухимдсаар байгаад зүрх судасны өвчтэй ч болж байж мэднэ. Тийм болохоор дуугаар уралдуулж, хэдэн өдөр ч болов уур бухимдлаас нь салгамаар байна. “Уяачид дуулж байна, “Малчид дуулж байна” гэх зэрэг тэмцээнийг “Малчин” телевизээс зохион байгуулсан. “Твиттерчид дуулж байна” тэмцээнийг зохион байгуулаад өгчих хоншоортой телевиз байгаа л байлгүй дээ. Тэгээд нэг зүйлийг захимаар байна аа, бас. “Твиттерчид дуулж байна” тэмцээндээ нөгөө нэг дуучныг уриад оролцуулчихаарай, нөхөд өө. Тэгэхгүй бол цаадах чинь гомдоно шүү.