Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан талаар бид өнөөдөр өглөө мэдээлсэн билээ. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас тодруулсан юм. Тэрбээр “Нийтийн цахим сүлжээгээр өсвөр насны охидыг хүчирхийлж байгаа бичлэг тавигдсан байсныг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж холбогдох этгээдийг олж тогтоосон.
Гэмт хэрэг үйлдсэн дөрвөн этгээд байсан бөгөөд үүний нэг нь эмэгтэй хүн байсан. Эдгээр этгээдүүд нь хорих газраас суллагдсан 4-6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Тэр хоёр охин сэжигтэн этгээдүүдтэй нэг жил харьцсан байсан.
Цахим орчинд ямар нэгэн байдлаар өсвөр насны хүүхдүүд танихгүй хүнтэй танилцсаны үр дүн энэ юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хаягт анхаарал хяналт тавих хэрэгтэй” гэв.