ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дэлгэрсайхан: Бүртгэлийн үйлчилгээг цахим үнэмлэхээрээ авч болно

O.Admin
2018-10-05

Иргэд цахим үнэмлэхээ ашиглан онлайн үйлчилгээг авах боломжтой болсон талаар Улсын бүртгэлийн дэд дарга Д.Дэлгэрсайханаас тодрууллаа.

-Ирэх сараас иргэд цахим үнэмлэхээ ашиглан онлайн үйлчилгээг авах боломжтой болно гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай Улсын бүртгэлийн ерөнхий хууль,  түүнийг дагаж гарсан гурван хууль зургадугаар сарын 21-нд батлагдсан. Энэ хуулиар ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд мөн хуулийн этгээдэд хэд хэдэн гол зарчмыг бататгаж өгсөн нь бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон юм. Бүртгэл­ийн үйлчилгээг цахим­аар авахдаа иргэний үнэмлэхээ ашиглана.  Иргэний үнэмлэх урд, хойно хэсэгтээ  байгаа мэдээллийг өөртөө агуул­даг.  Дээрээс нь, тухайн иргэний хурууны хээ, бүртгэлийн дугаар, регист­рийн дугаар агуулсан давхардахгүй байх чип буюу санах ойтой. Зөвхөн манайх гэлтгүй бусад мэдээллийн сангаас цахим үйлчилгээ авахын тулд иргэний үнэмлэхээ түлхүүр байдлаар ашиглаж болох юм.  Энэ үйлчилгээг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. 

-Яг арваннэгдүгээр сарын 01-нээс энэ үйлчилгээ хэрэгжиж эхлэх үү?
-Цоо шинэ зүйл нэвтрүүлэх гээд ирэх сарыг хүлээгээд байгаа юм биш. Одоо үйлчилгээнүүдээ аваад эхэлчихсэн байгаа. Жишээ нь,  арилжааны банкууд, оператор компаниудаас үйлчилгээ авахад,  тухайн хүний хэн болохыг иргэний үнэмлэхийг нь шалгаж, хурууны хээгээр нь баталгаажуулдаг. Гол амь оруулах зүйл нь тоон гарын үсэг.  Иргэний үнэмлэх дээр  тоон гарын үсэг бичих ажлыг манай байгууллага хийгээд дууслаа. Одоо сертификат олгох эрх бүхий байгууллагууд нь асуудлаа ярилцаж, холбогдох зөвшөөрлөө аваад,  иргэдэд тарааж эхэлвэл иргэний үнэмлэх дээр тоон гарын үсгийг ашиглах юм. 

-Тоон гарын үсэг давхардана гэж байх уу?
-Давхардана гэсэн асуудал байхгүй. Тухайн хүний мэдээллийг  олон давхардахгүй альгеритм бүхий олон улсад зөвшөөрөгдсөн кодоор бичдэг.  Одоо олон улсад нүүр царай, нүдээр нь таних төхөөрөмж ашиглаж байгаа.  Манай улсын хувьд хурууны хээ биеийн давхцахгүй өгөгдөл юм. Харин регистрийн болон бүртгэлийн дугаар, бар код, тоон гарын үсгийн тоо зэрэг нь үүний баталгаа болдог. Дээр дурдсан хуулиар зохицуулсан нэг зүйл нь улсын болон төрөлжсөн бүртгэл хоёрыг ялгаж өглөө.

Манайхаас лавлагаа авч байгаа иргэдийн тоо жилээс жилд өсөж байгаа. Манай мэдээллийн сангаас гардаг 81 үйлчилгээ,  33 төрлийн лавлагаа байдаг. Эдгээрийн хуулбарыг бусад байгууллагууд хур мэдээллийн сангаар­аа дамжуулаад,  татаж үйлчлэхээр цаасан хуулбар­ууд ямар ч шаардлагагүй болно. Дутагдалтай  талыг нь сайжруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөө үед цаасан дээрх мэдээллийг засаж, дуурайлгаж болно.Тэгвэл онлайнд орсноор манай мэдээллийн сан батлагдсан мэдээллийн сангаар шалгагдчихдаг. Ирэх сарын 01-нээс гарах лавлагаа  дээрээ QR кодтой гарна. Энэ нь зөрчил гэмт хэргийг бууруулах юм. 

-Тэгэхээр иргэдийн явдал, чирэгдлийг бууруулж байгаа гэж ойлгож болох уу?
-Бууруулж байгаа. Жишээ нь, банкны судалгаагаар  зээл хүсэж байгаа иргэд маш их байдаг. Зээлийн мэдээллийн 50 хувийг манайхаас авдаг гэрлэлтийн лавлагаа, хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар гэх мэт бичиг баримт бүрдүүлдэг. Гэтэл   төрийн байгууллагуудад мэдээлэл солилцох журам бий. Бүрдүүлэх материал­ын журамд манайхтай холбоотой мэдээлэл байвал шууд татаж авах зарчим хэрэгжүүлэхийг онлайн үйлчилгээ гэж нэрлээд байгаа юм. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс­ээ буцааж нэхэхгүй байх нь төвлөрлийг сааруулж байна. Мөн цахим үнэмлэхээ гээсэн тохиолдолд харьяа харгалзахгүй хурууны хээгээ уншуулан захиалж авах боломжтой болно.

М.Лхамсүрэн