ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

O.Admin
6 цагийн өмнө

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг  улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс тогтоосны дагуу 2025 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт Улаанбаатар хотод 1854, улсын хэмжээнд 4106 иргэн бүртгүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллаж байна.

2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд нийтдээ ажлын дөрвөн өдөр үргэлжилнэ. Өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлсэн. Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Бидний зүгээс шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэхийг үргэлж анхааруулдаг. Учир нь хоцорсон тохиолдолд тухайн улирлынхаа дараагийн ээлжид ахин өгөх боломжгүй болдог. Иймээс хариуцлагатай байхыг шалгалт өгч буй иргэддээ анхааруулж байна” гэв. 

Энэ жилийн эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1681 иргэн бүртгэгдсэнээс 1195 иргэн шалгалт өгч, ерөнхий мэдлэгийн шалгалтад 625 (52%), монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 531 (44%), дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 504 иргэн тус тус тэнцэж, 504 иргэн буюу 42,2 хувь нь нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.