ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хамтраад хөгжих үү, “хаан”-тай болж, хулгайчдаа өмгөөлөх үү” гэсэн сонголтыг МАН-ын Бага хурлын гишүүд дэнсэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
5 цагийн өмнө

“Хамтраад хөгжих үү, “хаан”-тай болж, хулгайчдаа өмгөөлж, хамтдаа нурцгаах уу” гэсэн улс төрийн том тулаан энэ өдрүүдэд идэвхжиж, жил ч хүрэхгүй хугацааны өмнө байгуулсан Засгийн газраа нурааж мэдэх эрсдэлийн өмнө Монгол Улс зогсож байна.

Товчхондоо, Ардын намд хэн хүчтэй байх вэ гэдгээ үзэж буй Хэнтийгээр овоглосон ах, дүү хоёрын зодоон хийгээд Монгол Улс цаашдаа хүчтэй парламенттай байх уу, Ерөнхийлөгчөө УИХ-аасаа сонгож нэг хүнийг тахин шүтэх үзлээр явах уу гэсэн институтийн том зөрчил дээр хулгайлж, дээрэмдсэн мөнгөө хамгаалж үлдэх гэсэн, үе үеийн Засгийн газар хийгээд парламентыг ордон тойрсон оффисууд дотроос залж ирсэн нам дамжсан бүлэглэлийн мөнгөөр зодсон эсэргүүцэл тэмцэл нь хөгжлийн томоохон төслүүд гараанаас хөдөлсөн гэх эерэг мессеж дээр ирээд байсан Монгол Улсынхаа хөгжлийг дахиад 20-30 жилээр хойш татах хорлонтой зөрчил рүү түлхэж орхив.

Энд дан ганц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүүгийн эхнэрийн 20 сая төгрөгийн цүнхнээс илүү том улс төр, том мөнгө яригдаж буйг хэрсүү ард түмэн ойлгож буй ч эрх чөлөөний үнэ цэнээр улс төр хийсэн хэсэг залуус харин мэдэж буй ч мэдэн будилхаар шийдсэн нь Монголын зовлон болох юм гэж хэн мэдлээ. Монгол Улс үндсэндээ хүчтэй парламент, хүчтэй Гүйцэтгэх засаглалын төлөөх 30 жилийн тэмцэлд чамлахааргүй их хугацааг зарцуулжээ.

Алдагдсан боломжийн өртгийг нь тооцох юм бол даанч гунигтай тоо гарах юм билээ. Ердөө 1.5 жилийн настай Засгийн газартай байсныхаа үр дүнд бид нэг ч том төсөл хөдөлгөж чадахгүй, эрчим хүчний хямралтай, банк, банк бус, апп-ын зээлэнд баригдсан иргэдтэй, түгжрэлдээ нам гацсан хоттой тамын тогооны үлгэрээр амьдарч буй. Ковидоос хойш 12 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, 30 мянган хүн эх орноосоо дүрвэж харьд шал угааж байна.

Тавдугаар цахилгаан станцаа 30 жил ярьж, том төслүүдийн гацааг арилгаж хөдөлгөх гэсэн хэнбугай ч дотоодын хийгээд гадны эрх ашгийн өмнө хүчгүйдэж, суудлаасаа огцордог жишгийг халах гэж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй парламент байгуулсан нь саяхны үйл явдал. Харамсалтай нь нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн хариу өөрчлөгдөхгүй гэгчээр 126 болгож нэмж, олон намын тогтолцоог бүрдүүлээд ч бид “чөтгөрийн тойрог” дотроосоо өндийж чадахгүй нь харин чин үнэн байсныг том үнээр ойлгох бололтой.

Т.Доржханд гишүүний хэлсэнчлэн, өглөө босоод ирэхэд л өөрчлөгдөж буй дэлхийд 3.5-хан сая хүн амтай монголчууд байтугай 350 сая хүн амтай улс орнууд ч ганхаж, худалдааны дайн, хүйтэн дайны хор уршгаар дэлхийн эдийн засаг улам бүр тодорхойгүй байдал руу явж буй нь үнэн. Энд дайнд бид дотооддоо эв нэгдэлтэй байж, хамтарсан хүчээр төслүүд хөдөлгөх буюу товчхондоо хөрөнгө оруулалт дуудаж байж л тэсэж үлдэх учиртай. Гэсэн ч “нам дотроо хэн нь хүчтэйгээ үзье” гэсэн МАН-ын ах нарын толхилцоон, АН-ын “шалдан” улстөрчдийн албан тушаалын төлөөх зодоон, дотоодын зодооноо ч эмхэлж чадаагүй, мөнгөгүйн зовлонгоос үүдсэн хандивын шантаажиндаа нам гацсан ХҮН-ын эрх ашиг гурав нэгдэж нийлээд энэ улсыг дахиад л 1990 оны өмнөх рүү түлхэх нь ээ гэсэн айдас бий болгов.

Хамтрал чухамдаа нэг намын эрх ашиг, нэг хүний эрх мэдлийн төлөөх улайрлаас хүчтэй байх ёстой. Ингэх гэж л тэд 126-уулаа болж Төрийн ордонд орж ирсэн байх. Тэгэх гэж л С.Зориг агсаны нэрээр, зарчмаар нэрлэсэн хамтралаа сүр дуулиантайгаар зарласан. Гэвч, дөрөвхөн улстөрч гараад зогсохоор ганхаж мэдэх байсан юм бол анхнаасаа эхлүүлэх байсан уу гэдэг асуултыг 15.00 цагаас цуглах МАН-ын эрүүл саруул ухаантай улстөрчид нэг нутгийн ах, дүү хоёроосоо хэрэг болгон асуух биз ээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тухайд хамтралаа эцсээ хүртэл хамгаалж буй.

Өнгөрөгч даваа гарагаас хойш тэр энэ байр сууриа хамгаалж буй гэх. Харин эв нэгдлийн бэлэг тэмдэг гэх атлаа эвгүй зөрчил рүү түлхэж буй Ерөнхийлөгч юуны учир “дангаараа засаглаад яв” хэмээн тулгалт хийж буйг Т.Доржханд гишүүн өнөөдөр өгсөн мэдэгдлийнхээ үеэр товчхон хэлчихнэ билээ. Нэг үгээр хэлбэл, МАН-ын гомдогсод улайрч байна.

"Хоёрдугаар ээлж хоолондоо" гэх эрх ашгаас гадна хүчтэй сөрөг хүчнийг парламентад бий болгох нь дараа, дараагийн ямар хорлонтой улс төр рүү түлхэх вэ гэдгийг ч сайн мэдэж буй. Товчхондоо, 68-хан суудалтай МАН дангаар засаглаад тийм ч удаан нар үзэхгүй. 1990 оны үед Ц.Элбэгдорж гэгчийг АН-ыг удирдаж байх цагт зургаан удаа Засгийн газраа огцруулсан шиг тийм эмгэнэлт байдал руу бид маш амжилттай гулсан орж байна гэсэн үг. Дураа хүрвэл ХҮН, АН хоёр хүч хавсраад л Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д өргөн барьчихна. "Хадаг барьж гуйчихаад хөөвөл харин ч нэг сөрөг хүчин шиг байж чадна шүү" гэсэн Т.Доржхандын сүрдүүлэг зүгээр ч нэг үг биш гэдэг нь мэдээж. Дуртай бүлэглэл нь мөнгөөр, хандиваар угжсан “шалдан” улстөрчдөө талбай руу хөөгөөд гаргачихна. Дуртай улстөрч нь Ерөнхий сайдын өрөөнд давхиж ороод л огцруулна хэмээн шантаажилдаг болно. Өнөөх “шүдгүй арслан”-тай засаглал дахиад л бий болох эхлэл рүү хамтарсан Засгийн газрын задрал түлхэнэ гэдгийг учир мэдэх улстөрч, эдийн засагч нар эхнээсээ сануулж байна. Энэ бүхний дараа парламентын нэр хүнд шалаар нэг болно. 

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Хамтарсан Засгийн газар огцорч, том төслүүд зогсох бололтой. Засгийн газрууд ээлжлэн солигддог 1990 оны түүх давтагдах нь ээ. Энэ хэнд ашигтай вэ. Сайд болох гэсэн гишүүдэд үү, хэрэг нь илэрч эхэлсэн луйварчдад уу” хэмээн хатуухан үг дайжээ. Энэ бол маш товч хийгээд тодорхой дүгнэлт. Хамтралаа задлах эрх ашиг руу Ерөнхий сайдыг шахаж буй МАН-ын улстөрчдийн цаана "хаан" болох хүсэлтэй нэг хүн, хулгайлсан мөнгөө, ордоо буцааж өгөхгүй гэсэн бүлэглэлийн улайрал хоёр л бат зогсож буйг МАН-ын Бага хурлын гишүүд анзаарч ярьж, анхаарч зөвлөлдөх биз хэмээн найдах л үлдэв. Хамтралаас гарах ёстой гэсэн АН-ын "бяцхан" улстөрчид ч гэсэн уншиж судалж, улс төрийн нам шиг соёл сууж, төлөвших ёстой гэсэн Т.Доржханд гишүүний сануулга ч зүгээр ч нэг үг биш юм шүү.

Тэд олон жил гудамжинд байсан. Гэвч хамтраад нэгдээд орж ирсэн засаглал бүрээ өөрсдийн гараар нураадаг, сөнөөдөг. Хамтрал бүрээ дандаа фракцийн улс төрөөсөө болж задалдаг, хуваадаг. Энэ гутамшигт байдлаасаа ангижирч, нам болж төлөвшиж чадахгүй бол дахин тэд 200-гаад мянган гишүүд хийгээд дэмжигчдийнхээ нэрийг барьж улс төр хийх нь утгагүй  биз ээ. Нэг хүн дангаар шийдээд нийлж суудаг улс төр гэж хаана ч байхгүй. Гагцхүү миний хүнийг тэнд томилж, миний хүнд тийм албан тушаал өг, намын даргаар би очно гэсэн дотоодын явцуу улс төр чинь өнөөдөр мянга, мянган гишүүдийнхээ амьдралаар тоглож, дахиад гудамжинд шившигтэйгээр хөөгдөх улс төрийн зөрчил рүү түлхэж байна.

Тэтгэвэртээ гарч чадахгүй намын байраар "эргэлдэж" буй хэдэн өвгөчүүлийнхээ гайгаар хоолгүй, албагүй ч болж мэдэх сонголтын өмнө ирчихээд буйгаа ч өнөөдрийн хуралдах ҮБХ-ныхоо хурлаар даацтайхан ярьж, далайцтайхан зарчмаа тохирсон нь дээргүй юу, АН-ынхаан. Намын дарга нь хоолтой байлгах гэж зүтгэж байхад нөгөө талд бүлэглэлийн өгсөн тансаг хаусанд тухалж, бүлэглэлээр угжуулан эрх мэдэлтэй, албан тушаалтай амьдарч буй “нялх” сэнгүмүүд нь хамтдаа гудамжиндаа гарцгаая хэмээн уриалж буй нь эрүүл улс төр, гайхуулах дотоод ардчилал чинь биш байлгүй дээ. Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын зодоон, Лу.Гантөмөр, О.Цогтгэрэл хоёрын намын даргын төлөөх зөрчлөөс илүүтэй улс орны эрх ашиг, улсын хөгжлийн амбийц гэгч зүйл байх ёстой гэдгийг хатуухан сануулъя.