Улаанбаатар хотын түгжрэл улам нэмэгдэж, зам дээрээ таг гацдаг болчихсон. Жилийн өмнө түгжрэл ямар байлаа, одоо юу болов. Хүн бүр л харьцуулж үзэж, биеэрээ мэдэрч байгаа. Замын түгжрэл огцом нэмэгдэж байгаа нь автомашины тоо өссөнийх гэж бодож байна уу. Тийм биш. Монгол Улсын хүн ам нэмэгдсэнийх. Ерөөс манай төр засгийнхан аливаа зүйлийг маш нарийн нууцалж, бүхий л тоо баримтаа бодлогын чанартай гаргадаг. Тиймдээ ч хүн амынхаа тоог 3.2 сая гэж зөрүүтэй мэдээлж байгаадаа. Яг л дундаж цалин сая төгрөг давсан гэж мэдээлдэг шиг. Үүний цаана маш нарийн нууц бодлого нуугдаж байгаа нь ойлгомжтой байна.
Ямартай сайндаа л Өвөрмонголоос ирсэн нэг хүн түгжрэлд таг гацаад “Аяа, үнээр бачим байна шүү. Танай хүн амыг гурван сая гэж худлаа тоолсон байх аа” гэж дуу алдсан гэдэг онигоо маягтай яриа гарчихсан байна. Төр засгийнхан хүн амынхаа тоог бууруулж мэдээлээд, нуугаад байгааг гадарлачихсан нэг нь тийм онигоо гаргахгүй юу. Бодоод үз дээ, Улаанбаатар хот 4704.4 ам.метр газар нутагтай. Энэ том газар нутагт сайндаа л 1.4 сая хүн амьдарч байгаа. Гэтэл Токио хот 2188 ам.метр газар нутагтай. Манайхаас хоёр дахин бага гэсэн үг. Ийм хэмжээний газар нутагт 13-14 сая хүн амьдарч байна. Солонгосын нийслэл Сөүл хот 605.25 ам.метр газар нутагтай. Ийм багахан газар нутагт 10 сая хүн амьдарч байгаа.
Гэтэл түгжрэл нь манай нийслэлээс хамаагүй бага. Ингээд бодохоор хүн ам 3.2 сая байх ямар ч үндэслэл алга. Дор хаяж 6-7 сая хүрчихсэн байх. Харин Улаанбаатарт л 3.2 сая амьдардаг байж таарлаа. Дундаж цалин сая давсан гэж мэдээлж чадаж байгаа тэд хүн амынхаа тоог худлаа хэлэх шиг амархан юм хаана байна. Хүн амынхаа тоог дэлхий нийтээс нууж байгаад нэг л өдөр гүн цочролд оруулахаар шийдсэн ч байж мэднэ. Манай удирдагчид алсын бодолтой, нарийн бодлоготой хүмүүс. Нэгийг бодож, хоёрыг тунгааж хүн амынхаа тоог ийм багаар мэдээлж байгаа биз. Тийм биш байсан бол хэдийнэ замын түгжрэл сураггүй болж, ядаж 40 км цагийн хурдтай ажил руугаа давхина биз дээ.