ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хиншүү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 цагийн өмнө

Улс төрийн хүрээнд дандаа шударга үнэний бэлэг тэмдэг болон яригдаж, ард түмнээр тойрон хүрээлүүлж байсан Баянхонгорын тодотголтой ч Дарханд дунд сургуулиа дүүргэж, улмаар Үйлдвэрчний эвлэлээр бамбайлан жагсаж, тэмцсээр олонд танигдсан “Босоо” тодотголт УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тойрсон олны хов жив, дуулиан шуугиан тасрахгүй байна.

Чухамдаа тэр жинхэнэ эх оронч уу, эсвэл дүр эсгэгч үү гэдэг баг нь хууларсан өдрүүд хөвөрч байх аж. Учрыг тодруулбал, ойрын үед эрхэм гишүүнийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж АТГ-аас шалгаж эхлэхтэй зэрэгцэн өөрийн хийсэн мэдэгдэлдээ өөрөө бүдэрч, өрөөлөөс алдаагаа хайж гэмгүй мэт дүр эсгэх болсон гунигтай дүр зураг харагдах болов. С.Ганбаатар гишүүн нам дамжиж, тэлээ хурга мэт нэг намаас нөгөө рүү үсэрч, өөрт ашигтайг тойглож, өрөөлийг намнаж, улсын эрх ашигт хэрэгтэй төслүүдийг улдан гацааж явсан энэ жилүүдэд хамгийн ядуу, хамгийн мөнгөгүй улстөрч гэсэн имижийг өөртөө бүрдүүлсэн.

Гэтэл өнгөрсөн сард АТГ-аас Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороонд Баянзүрхийн товчооны гүүрний зүүн талд байх дөрвөн хаустай хувийн эдлэн газрыг шалгах үед эрхэм гишүүн очиж лайв хийснийг улс даяараа харсан. Эхлээд “Энэ манай хамаатны дүүгийн хашаа байшин, надад хамаагүй” хэмээж байснаа манайх хажуу талд нь байдаг, манай хашаа гэх мэтээр ярьсан хэлснээсээ тэс өөрөөр эргэж байв. Учрыг тунгаавал эрхэм гишүүн өөрийн нэр дээр ширхэг хадаас байхгүй ч энэхүү хаусны газар, байшингаа бүгдийг нь “Органик ков” ХХК-ийн захирал гэх, өөрийг нь 20 гаруй жил дагаж яваа туслах, зөвлөх С.Зоригтбаатар, Н.Наранбаяр нарынхаа нэр дээр бүртгүүлсэн нь ил болжээ.

Мөн эрхэм гишүүний Үйлдвэрчний эвлэлийн дарга байхдаа тус эвлэлийн мэдэлд байсан 13.5 га газрыг хууль бусаар өөрийн эхнэрийн компани руу шилжүүлсэн, “Union Building барилгад эзэн суусан гэх баримтууд өнөө хэр хэвлэлийн хуудаснаа хөвөрсөөр л. Гэвч тэр өөрийгөө гэм буруугүй, гэмтэн нь намайг нухчин дарах гэсэн хүмүүс гэсэн үлгэрээ ярьсаар буй.

Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад өгөхгүй мурьж яваа “Мон Лаа” ХХК-ийн захирал, С.Ганбаатарын багын найз Х.Энхсайхан нарын холбоо хамаарлын тухай баримт нь мэдээллийн сайтуудад дэлгэгдсэн. Мань нөхөр бас л “Ланд-300 машин уналаа гэж АТГ намайг шалгасан. Энэ бол түрээсийн машин. Найз маань надад түрээслүүлсэн” хэмээн мэлзэх нь тэр.

Гэтэл учир холбоосыг ухах нь ээ багын найз Х.Энхсайхан нь Хөгжлийн банкнаас зээл авч өгөхөд тусласан С.Ганбаатар найздаа “бэлэглэсэн” үү гэх учиг ч хөвөрч, нөгөөх л туслах С.Зоригтбаатар, Н.Наранбаяр нарын Х.Энхсайхантай хамтарч байгуулсан компани, төрийн бус байгууллагын жагсаалтууд хөвөрч эхлэв. Муу ч сайн ч Монголын хууль шүүхийн байгууллага хэн нэгний захиалга, улс төрийн өнцгөөр төрийн тангараг өргөсөн улстөрчийг намнаж гүйх нь юу л бол.

Нэг том сэжмээс атгасан учраас тэд ингэж ухаж, шалгаж буй нь дамжиггүй. Гэтэл шударга, эх оронч улстөрч маань үнэхээр буруугүй, гэмгүй гэдгээ шалгуулах бус мэдэгдэл хийж, “Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн учраас хэлмэгдүүлэлтэд өртүүлж байна” хэмээн худлаа ярьж, хиншүү уугиулж гүйх нь хэр зохистой вэ.

Ард түмний өмнө харагддаг шигээ шударга, авлига, эрх мэдлээс ангид нэгэн мөн л юм бол “Үнэнээр шалгаад өг. Үг, үйлдэл хоёр минь зөрөхгүй” хэмээн шалгуулахад л болох атал өөрийн хийсэн мэдэгдэлдээ өөрөө орооцолдож, үнэн худал нь мэдэгдэхгүй попорч, өөрийн гэм буруугаа өрөөлд нялзааж гүйж буй тань үнэндээ худлаа харагдаж буйг хэлэх нь илүү биз, эрхэм гишүүн ээ. Хиншүү хярвас тавьж худлаа ярьж суухаар шударгаар очоод шалгуулчихад л гэм буруутай юу, үгүй юу гэдэг нь тодрох бус уу. Юм үнэнээрээ байвал сайхансан. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин