Монгол Улс хөгжиж, тэнгэр багнадсан өндөр барилга сүндэрлэсээр. Шил толь болсон барилгуудад том том компани, аж ахуйн нэгжүүд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Хөгжиж байгаа орны том компаниудын ажилд авах шаардлага ч том. Шал угаагч авна гэсэн зарын тавигдах шаардлага маш нарийн. 20-оос дээш настай, муу зуршилгүй, Англи, Орос хэлтэй, дээд сургууль төгссөн. Компьютерийн мэдлэгтэй, зөв төрхтэй, 182 см-ээс өндөр, харилцааны соёлтой, хувьдаа унаатай байх ёстой.
Том компани, группын шил толь болсон барилгад байгаа оффис гэдэг чамин ганган шалтай л байж таарна. Тэр ганган шалыг угаахад өндөр, зөв төрхтэй, ид жагсч яваа эмэгтэй шаардлагатай нь ойлгомжтой. Том компаниар том хүмүүс л үйлчлүүлдэг нь мэдээж. Тийм болохоор зөв төрхтэй, мэдлэгтэй, дээд сургууль төгссөн, харилцааны соёлтой эмэгтэй зайлшгүй шаардлагатай. Өнөө цагт компьютерийн мэдлэггүй хүн юу ч хийж чадахгүй. Ядаж л шал угаахад ямар цэвэрлэгээний бодис илүү сайныг интернэтээс хайж олчих хэмжээний мэдлэгтэй байх ёстой.
Цаашлаад том компаниуд гадаадын олон түнштэй харилцана. Ази, Европ, Африк, Америкийн өнгө зүс нь өөр өөр дарга нар холхино. Тэр үед нь “Шал угааж байна, тойроод гар” гээд Англи, Оросоор хэлчих чадвартай байх хэрэгтэй. Мэдээж шалаа сайтар угаачихаад харихдаа аятайхан машин унаж компанийн гаднаас хөдлөхгүй бол нэр хүндэд нь муу. Тийм болохоор энэ зэргийн шаардлага тавих нь зөв. Харин ч бага байна. Өнөө цагт Англи, Орос гэсэн хоёрхон хэлтэй хүн хол явахгүй. Тийм болохоор том компаниуд Англи, Орос, Хятад, Франц, Герман, Япон, Солонгос хэлтэй шал угаагч ажилд ав.