ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Стратегич

O.Admin
1 өдрийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын товоо тогтоосноос ажвал эрх баригч намын дотоодын толхилцоон долоо хоногийн дараа дуусах магадлал нэмэгдэв.

Тэгвэл эрх баригч намын дарга, цаашлаад Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртэл ахин дэвших боломжтой энэ албан тушаалд нэр дэвшинэ гэдгээ гарч ирээд индрээс мэдэгдсэн хүн бол УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан. Тэгвэл МАН-ын стратегич, С.Баярын дараа гарч ирсэн улс төрийн шатар дээрх том тоглогч хэмээн яригддаг Д.Амарбаясгалан гэж хэн бэ.

Түүний хувьд Говь-Алтай аймгийн уугуул. ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, МУИС-ийг тус, тус төгссөн гэдгийг олон нийт мэднэ. Түүнчлэн, өөрийн үүсгэн байгуулсан “Соёмбо принтинг” компанийн Гүйцэтгэх захирлаар долоон жил ажилласны дараа “Монгол шуудан”-гаас карьер өгсөж эхэлжээ. Ердөө 24 жилийн хугацаанд тэр дандаа албан тушаалд өгсөх шатаар явсаар өдгөө Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг болж, парламентын төгөлдөршлийн тухай яриад зогсож байна.

Тэртээх гашуун түүх буюу 2008 оны сонгуулийн дараа уналтад орсон МАН-ын нэр хүндийг эргэн сэргээх, байраа шатаалгачихсан, эрдэнэт хүний амь эрсэдчихсэн амаргүй цаг үед 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн намын Хэвлэл мэдээллийн албыг түүнд даатгаж байв.

Д.Амарбаясгалан ч чадлаараа зүтгэсэн. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч 2012 оны УИХ-ын сонгуулиар эвсэл байгуулах хэмжээнд намдаа суудал авчрахад пиарыг нь хариуцан зүтгэж байлаа. Түүнээс хойшхи сонгуулийн бүх ялалт, ялагдлын мэдээ түүнтэй хамт яригдсан гэхэд хилсдэхгүй.

МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэтээр дандаа намын гал тогоог базаж тэргүүн фронтоос бус арын албанаас журмын нөхдөө удирдан чиглүүлжээ. Ингэснээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл МАН олонхийн суудлаа тавьж өгөөгүй яваа. Тиймдээ ч С.Баярын араас гарч ирсэн МАН-ын стратегич гэх үгийг түүнд хаяглаж, хаддаг биз ээ. Стратегич яваад өнгөрсөн газар тодорхой үр дүн үлддэг гэдэг.

Тэгвэл Д.Амарбаясгалан намын сонгуулийг удирдсан хугацаанд УИХ болон нийслэлийн сонгуульд МАН дандаа олонхи бүрдүүлж байсан нь үлдээсэн мөр нь юм. Түүнтэй холбоотой яригддаг сөрөг мэдээлэл нь “Адменирал” компани буюу Бор тээгийн уурхайн асуудал. Өөрт хамааралгүй хэмээн ярьдаг ч олон жилийн турш хамааралтай болгож ярьсан нь өнөөдөр ч намын даргын сунгааны үеэр түүнд хаяглагдав.

Гэвч уул уурхайн талбарт унаж боссон уу гэдгээс илүү том намын гишүүдийн хувь заяа, ялалт ялагдлыг дэнслэх сунгаа учраас сонголтыг нийт ард түмэн биш намын гишүүд, дэмжигчид хийх учраас хэнээр намаа удирдуулах нь тэдний мэдэх, сонгох сонголт билээ. 

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин