ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Цэрэнцоодол: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг утаснаасаа авах боломжтой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-10

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээллийг интернетээс авах боломжтой болж байгаа аж. Энэ талаар Боловсролын салбарын мэдээллийн систем хөгжүүлэх багийн ахлагч Э.Цэрэнцоодолоос тодрууллаа.

-“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл хэрэгжиж эхэлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бөгөөд энэ хичээлийн жилээс сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байгаа юм. Системийг ашиглаж эхэлснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халахаас эхлээд багш бүр БСШУСЯ-ны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх боломжтой болох юм. Харин эцэг, эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авна. Ингэснээр хүүхдийн хүмүүжил, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийн оролцоо илүү бодитой болж нэмэгдэж байгаа юм.\

-Энэхүү системийг өнөөдрөөс ашиглаж болно гэсэн үг үү?
-“Боловсролын салбарын мэдээллийн систем” хөгжүүлэх багийн хамгийн сүүлд хийсэн эцэг, эхийн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Энэхүү систем нь “Боловсролын салбарын мэдээллийн систем” гэсэн том үндсэн платформын нэг хэсэг болж байгаа юм. Юугаараа давуу талтай вэ гэхээр багш нар болон сургуулийн үйл ажиллагаанд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх юм. Энэ нь суралцагч хүүхдүүдийн ирцийн мэдээлэл болон явцын дүн, сургуулийн мэдээлэл, анги дүүргэлт зэрэг сургуулиас авч болох бүх мэдээллийг цагийн хязгааргүйгээр эцэг, эхчүүд вэб технологиор болон гар утасны аппликейшнээр хүргэх систем хийсэн.

-Гар утасны аппликейшн болон вэб хуудас нь ямар нэртэй юм бол. Эцэг, эхчүүд энэхүү системд хэрхэн бүртгүүлэх вэ? 
-Вэб хуудас нь parent.esis.edu.mn, гар утасны “ESIS” аппликейшныг “play store”-оос татаж авах боломжтой. Эцэг, эхчүүд гар утсандаа татаж авсны дараа нэгдүгээрт, өөрсдийнхөө мэдээллийг оруулах ёстой. Хоёрдугаарт, хүүхдийнхээ мэдээллийг оруулах хэрэгтэй. Тэгээд хүүхдийн болон эцэг, эхийн мэдээлэл мөн эсэхийг Улсын бүртгэлийн мэдээлэлтэй нягталсны дараа хүүхдийн мэдээллийг өгч болох эсэхийг ангийн багшаар хянуулна. Ангийн багш зөвшөөрөл өгснөөр эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой. Энэ системд зөвхөн ЕБС биш цэцэрлэгийн хүүхдүүд ч бас хамрагдана. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд бүх хүүхдийнхээ мэдээллийг утаснаасаа авах боломжтой гэсэн үг. Хүүхдүүдийнхээ нэр дээр дарахад л авч болох бүх мэдээлэл гарч ирэх болно. Тухайлбал, сурагчийн үндсэн мэдээлэл, дүн, ирц, цагийн хуваарь, гэрийн даалгавар, сургуулийн мэдээлэл, сурах бичгээ авсан эсэх нь хүртэл харагдана.

-Энэхүү системийг зөвхөн интернеттэй үед ашиглах боломжтой юу. Хөдөө орон нутагт ч юм уу, интернет ашиглах боломжгүй тохиолдолд яах вэ?
-Тийм. Интернеттэй үед ESIS аппликейшныг ашиглах боломжтой. Манайх боловсролын салбарын нэгдсэн сүлжээ бий болгосон. Тэгэхээр интернет байхгүй ч гэсэн сүлжээ тухайн сургуулийн компьютерт очсон байгаа гэсэн үг. Тэндээс үзэх боломжтой.

-21 аймаг, есөн дүүрэгт уг систем нэвтрэхэд бэлэн болсон байгаа юу?
-Хүлээлгэж өгөх хугацаа энэ онд дуусна. Тэгэхээр албан ёсоор зарлах байх. Өнөөдрийн байдлаар бүгдийг нь холбосон бөгөөд шалгаад явж байгаа.