Дуу хуурын өлгий Дундговь аймгийн харьяат, жүжигчин Сүхээгийн Ариунбямбыг нэгэн үзэгч нь ингэж дүгнэжээ. “Азарган чоно шиг ардаг догшин дүр бүтээдэг шазгар эр МУГЖ болжээ. Шагнал нүдээ олно гэж энэ дээ” хэмээн сэтгэл хангалуун өгүүлсэнтэй олон ч уншигч маань санал нийлж суугаа. Монголын кино урлагийн түүхэнд сөрөг хийгээд эерэг дүрийг тултал бүтээчихдэг, олон кинонд тоглосноороо биш олж бүтээсэн дүрээрээ танигдсан эгэл даруухан уран бүтээлч тийм ч олон биш.
Цаашлаад дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ л танигдаж, тэр дүрээрээ л хайрлагдаж, үнэлэгдэж яваа тулхтай хийгээд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин магад гарын арван хуруунд багтахаар цөөхөн байх. Тэр бусад шигээ сагаж онгирсонгүй, саагиж давхисангүй.
Реклам болгонд тоглож үнэ цэнээ унагасангүй. Цаашлаад инфлүүлсэр гэж буруу онгирч, аль нэг улстөрчийг дэмжиж улстөрчийн хөлсний “жүжигчин” болсонгүй. Эсрэгээрээ 20 гаруйхан бүтээлд дүрээ мөнхөлсөн ч ард түмний хайртай жүжигчин болж чадсан учраас “шазгар эр” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, МУГЖ гэх эрхэм хүндтэй цол түүнд үнэ цэнтэйгээрээ ирлээ.
Сүхээгийн Ариунбямба нь 1978 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн бөгөөд түүний эцэг Ч.Сүхээ нь Луус сумын харьяат, БНМАУ-ын Гавьяат жүжигчин хүн байлаа. Тэгэхээр аав, хүү хоёр нэг мэргэжлээр гавьяат болж, кино урлагийн түүхэнд бахдам түүх бичлээ. Тэрбээр, 30 гаруй жил кино урлагийн салбарт ажилласан намтартай. 2010 онд МИ-15 гэх уран бүтээлд гол дүр бүтээж, хамгийн сүүлд өдгөө дэлгэцнээ гараад буй “Тэг цэг” бүтээлд дүр бүтээгээд байгаа юм.
Цаашдаа олон улсын төслүүдэд хүч сорихоор бэлтгэлдээ гараад буйгаа шинэхэн гавьяат маань онцлов. Тэрбээр, МУГЖ цолоор шагнуулсныхаа дараа “Ааваа хүү нь бүтэн мөртэй өдийг хүртэл явлаа. Тэнгэрээс та минь хараад баярлаж суугаа байх аа. Намайг дэмждэг, надад урам өгдөг, бүтээл бүхний минь ард алгаа ташин дэмждэг монгол түмэндээ баярлалаа. Эрдмийн их аянд хөтөлсөн эрдэмтэн багш нартаа, ижий аавдаа, энэ олон жил түшиж яваа ханьдаа баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ даруухан илэрхийлээд гарч одлоо.
Үнэхээр л урлагийн хатуу салбарт, кино урлагт бүтэн мөртэй явж, бүтээлээрээ үнэлэгдэж, эгэл даруухнаар хийж бүтээсээр, илүү дэвшиж дээшилсээр буй шинэхэн гавьяатдаа Ардын жүжигчин болтлоо хөдөлмөрлөж, илүү гайхалтай дүрүүдийг амилуулж, олон улсын тавцанд эцгийн хийгээд эх орныхоо нэрийг дуурсгаарай гэсэн ерөөлийг эрхэм уншигчдынхаа өмнөөс өргөх нь нэр төрийн хэрэг билээ.
Нэг л зангаараа, нэг л араншингаараа эгэл оршдог шазгар эр танд уран бүтээлийн өндөр амжилтыг нийт монголчууд маань ч гавьяатын цолтой хамт ерөөж буйг энэ өдрүүдэд мэдэрсэн биз ээ. Шагнал нүдээ олно гэдэг ийм сайхан.
 
                   
             
            