Нэгэн үе манайхан өөрсдийгөө “туйлшрамтгай” хэмээн тодорхойлж, түүнийгээ зарим нэг нь зэвсэг болгож байхад, зарим нь хамгаалалтын журмаар ашиглаж байлаа. Тэгвэл одоо амтай бүхэн хэлбэр ярьж, “хэлбэрдэж” амьдрах болов. Хамгийн чухал нь хэлбэр гэсэн үзэл сурталтай нийгэмд бид амьдарч байна. Цаагуур чинь бүр “Хэлбэр хөөсөн утсан хүүхэлдэй, Хиймэл царайтай нуугдсан хүүхэлдэй” гэсэн дуу хүртэл гарчихсан трэнд болж байна.
Хэлбэрдэж, хэлбэрдэж хартал залуучууд бүгд материаллаг болчихсон байх шиг. Цаанаа л материаллаг, смартлаг, брэндлэг, шоулаг, модалаг харагдана. Брэндийн хувцсаар гоёж, хөгшин залуугүй тансаг утас барьцгааж байна. Ийм байхад биднийг хэн ядуу хэмээн зүрхлэн хэлж чадах юм бэ. Хүнийг биш хувцсыг нь дүгнэдэг манай нийгмийн хамгийн сайн тал нь энэ. 7000 төгрөгийн үнэтэй кофе барьсан брэндлэг охид, 10 мянгын номыг үнэтэйг нь гайхан гунхалзана. Ходоод хоосон атал, брэнд өмссөн залуус гудамжаар нэг хөлхөлдөнө. Гаднаасаа л гоё байвал дотроо хэн байх хэнд ч хамаагүй учраас тэр шүү дээ. Хэлбэрлэг нийгмээс авах юм их бий.
Хэлбэрдэлтээрээ ард түмэн ядуугаа халхалчихна. Харин эрх баригчид ард түмнээ асран хамгаалж байгаа мэт харагдахад ашиглана. Манай залуучуудыг хэн ч харсан ядуу орны иргэн гэж мэдэхгүй. Хэлбэрлэг нийгмийн онцлог нь ядуу ард түмэн баян харагдах гэж бүхнээ зориулдаг бол, эрх баригчид ядуу харагдах гэж автобусанд сууснаараа бахархдаг байдал юм. Энд хамгийн гол нь харагдах байдал гэсэн нэг л зарчим үйлчилнэ. Ухаантай байх шаардлагагүй. Ухаантай юм шиг харагдах чухал. Мөнгөтэй байх албагүй. Мөнгөлөг юм шиг харагдах л гол. Дахин сануулахад хамгийн чухал нь хэлбэр юм шүү.