Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав.
Тус аймаг 2016 оноос хойш сүүлийн есөн жилийн хугацаанд түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ. Үүний 329 нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байна. Энэ онд нэмээд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.
Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны мкв-ын үнийн тухайд 1.9-2.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилийн хугацаанд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсэх юм байна.
Дорноговь аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 21 өрх дээрх нөхцлөөр байртай болжээ.
Тус аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. "Single apartment" төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм.
Сингл апартмент нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулагдсан 18-20 мкв байр юм. Өөрөөр хэлбэл өмсөх хувцас, төгссөн сургуулийн дипломтойгаа ирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцуулав. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт 6 сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавих юм байна.
