Улс төрийн ууган том нам болох МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагууд буюу залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, оюутны холбоог хэн даргалах вэ гэдэг нь тун сонирхолтой сэдэв байдаг.
Тэр тусмаа эмэгтэйчүүд болон залуучуудын холбоог даргалах хүн нь шат, шатны сонгуулиар намын даргаас дутахгүй эрх мэдэл хүлээж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх цаашлаад хэн, хэнийг жагсаалтад багтааж, хэнийг тойрогт явуулах, улс төрийн намын хийгээд төрийн томилгоонд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх чиглэлээр ажилладаг учраас аль ч тохиолдолд СДМЭХ-г удирдах амбийц МАН-ын нөлөө бүхий эмэгтэйчүүдэд байсаар ирсэн.
Өмнө нь энэ албыг УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа гэх мэтээр дандаа мэдлэгтэй, зүтгэлтэй эмэгтэйчүүд удирдаж, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал хийгээд нийгмийн олон сэдвээр манлайллын ажил хийж байсан бөгөөд тэд бүгд намын даргын дэмжлэгтэй буюу намын дарга хэн болохоос хамаарч тухайн бүлэглэл, фракцийн төлөөлөл нь томилогдож ирсэн бичигдээгүй хуультай.
Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүн гэгдэж байсан Х.Булгантуяа холбооны тэргүүний ажлаа өгөх чимээ дуулдахтай зэрэгцэн дараагийн тэргүүн хэн байх тухай яриа улс төрийн хүрээнд гарч эхлэв. Энэхүү албан тушаалд санаархаж буй олон эмэгтэй улстөрчид байгаа ч МАН-ын дарга Н.Учралын тухайд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад энэ албыг хариуцуулах магадлал өндөр байгаа аж. Д.Үүрийнтуяагийн тухайд улс төрд олон жил яваагүй буюу нийгмийн өргөн хүрээнд төдийлөн танигдаагүй ч өнгөрсөн сонгуулиар Эрдэнэт, Булган, Хөвсгөлийн том тойрогт нөлөө бүхий улстөрчидтэй өрсөлдөн ялалт байгуулж чадсан. Энэ тойргоос тэр болгон эмэгтэй улстөрч сонгогдож байгаагүй.
Гэсэн ч Эрдэнэт үйлдвэртэй нэгэн насны амьдралаа холбож, тус газарт санхүү эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхөөс Захиргаа, удирдлага санхүүгийн газрын дарга болтлоо тасралтгүй дэвшин ажилласан шавилхан бүсгүй ялалт байгуулж чадсан билээ. Тэрбээр, Говьсүмбэр аймагт арван жилийн боловсролоо эзэмшиж, Хөдөө аж ахуйн их сургуулийн Маркетингийн менежер, эдийн засагчаар төгсгөж хожмоо Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол МУИС-д мөн энэхүү мэргэжлээр докторын зэрэг хамгаалжээ.
Их сургуулиа төгсөөд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Ахлах байцаагчаас эхлэн шат дэвшин ажилласан намтартай. Түүний хувьд улс төрд орж ирээд маш чухал асуудлуудаар дуугарч эхэлсэн бөгөөд цалинтай ээжүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүн амын бодлого буюу монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг сэдвээр тууштай дуугарч байгаа, аливаа асуудалд хэлбэрэлтгүй, чигч шулуун ханддаг хэмээн өндөр үнэлгээ авч буй. Үг хэл цэгцэрсэн, үйлдэл нь тодорхой улстөрчдийн нэг гэх үнэлэмжийг ч тойргийн иргэдээсээ авч буй. Тиймдээ ч энэ албанд тун зохих дүр гэж нам нь үзэж буй бололтой.