ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Жамсранжав: Татвар төлөгч хөрөнгийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-11

“Татвар төлөгч ААН, байгууллагуудын үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах ажлыг гуравдугаар улирлын татварын тайлан хүлээн авах үеэр буюу энэ сарын 20-ныг дуустал хугацаанд хийж байна” гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Д.Жамсранжаваас зарим зүйлийг тодрууллаа. 

-Гуравдугаар улирлын тайлангаа өгөх гэж буй ААН, байгууллагуудыг өөрийн хөрөнгийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна уу гэсэн байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? 
-Татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээг төрийн байгууллагын нэгдсэн санд тулгуурласан чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс бүртгэлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлан өөрчлөлт оруулж шинэчлэх юм. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудын үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулах ажлыг аравдугаар сарын 20-ныг дуустал хугацаанд буюу гуравдугаар улирлын татварын тайлан хүлээн авах үеэр хийж байна. Өөрөөр хэлбэл, татварын байгууллага татвар төлөгчийн гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэж татвар ногдуулдаг байсан. Харин энэ сарын 01-ээс улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон Авто тээврийн газарт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээллийг баталгаажуулж, татвар ногдуулах ажлыг хийж байгаа. Татвар ногдуулах хөрөнгийн бүртгэлийн зарим мэдээлэл зөрүүтэй байх тохиолдол бий. Тиймээс энэхүү зөрүүтэй мэдээллийг татвар төлөгч өөрөө e-tax.mta.mn сайт руу нэвтэрч, баталгаажуулах ёстой. Татвар төлөгч хуулийн этгээд нь улирал бүр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин хөлсний тайланг цахимаар илгээдэг. Тэгэхээр одоо тайлангаа илгээхээсээ өмнө хөрөнгийн баталгаа­жуулалтыг зайлшгүй хийх бөгөөд хөрөнгийн баталгаажуулалтыг заавал тайлангийн ачааллын үеэр биш тайлангийн үетэй давхцуулахгүй цахим сайтын ачаалал бага үед хийх шаардлагатай байгаа юм. 

-Татвар төлөгч бүх ААН, байгууллага, иргэдэд хамааралтай гэж ойлгож болох уу? 
-Анхаарал хандуулах ёстой хүмүүс нь хуулийн этгээд буюу татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогч, захирлууд юм. Энэ удаа зөвхөн хуулийн этгээд буюу ААН, байгууллагууд өөрийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийн мэдээллийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулах хэрэгтэй байна. Ирэх оноос татвар төлөгч иргэдийн мэдээллийг баталгаажуулах ажлыг үе шаттайгаар хийгээд явна. 

-Татвар төлөгчид хөрөнг­ийн мэдээллээ цахимаар баталгаажуулах нь ямар ач холбогдолтой вэ? 
-Татвар төлөгч бүртгэл­ийн мэдээллээ баталгаа­жуулснаар үнэн зөв мэдээлэлд нь үндэслэж татвар ногдуулах боломж­той болно. Хэрэв мэдээлэл алдаатай эсвэл зөрүүтэй байгаа тохиолдолд татвар­ын алба дахин тодруулах, мэдээллийг нь дахин авах ажлыг үе шаттай зохион байгуулна. Ингэснээр 2019 онд татвар төлөгчийн хөрөнгийн татвар төлөх нэхэмжлэх шуудангаар эсвэл тухайн татвар төлөгчийн и-мэйл хаягаар очиж боломжтой болно.  

-Нэг бүртгүүлсэн байхад дахиж бүртгүүлэх шаард­лага байхгүй гэсэн үг үү? 
-Тийм. Хөрөнгийн мэдээллийг татварын албанд бүртгэдэг байсан бол одоо татвар төлөгч улсын бүртгэл, автотээврийн газарт байгаа өөрийн хөрөнгийн мэдээллээ баталгаажуулж татварын албанд мэдүүлнэ гэсэн ойлголт юм. 

-Баталгаажуулалтаа хий­гээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ? 
-Хэрвээ бүртгэлийн мэдээлл­ийг баталгаажуулахгүй бол цахимаар гуравдугаар улирлын тайлан илгээгдэхгүй. Үүнээс шалтгаалан тайлангаа хугацаандаа өгч чадахгүй болох, хоцроох зэрэг эрсдэл үүсэх юм. Үүнээс гадна тайлангийн хугацаа дуусах дөхөхөөр татвар төлөгчид нэгэн зэрэг мэдээллээ илгээж, ачаалал үүсч, зарим тайлан нь хоцрох магадлалтай. Энэ мэтчилэн асуудлаас болоод тайлангаа хоцроовол Зөрчлийн хуульд зааснаар хуулийн этгээдийг 1500 нэгж буюу 1.5 сая төгрөгийн торгох зохицуулалт бий болгохоор байгаа юм. Тэгэхээр татвар төлөг­чид эрсдэлийг тооцож, хуулийн хугацаандаа тайлангаа өгөхийн тулд хугацаа дуусахаас наана нь буюу татварын цахим систем ачаалал багатай үед бүртгэлийн мэдээл­лээ баталгаажуулахыг сануулъя.