ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Генерал аавын “гэнэн” хүү

O.Admin
1 цагийн өмнө

“Тэнэг зүйл яриад ч хамаагүй олны анхааралд өртөж байя” гэдэг үзэл бодолтой улс төрийн залуу үеийхний нэг нь бол Хотын орлогч А.Амартүвшин. Түүнийг Замын цагдаа, ШШГЕГ, ОБЕГ-ыг нэртэй, төртэй удирдаж явсан Бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм билээ.

Сайн аавын нэрээр үү, эсвэл сайн мэргэжлийн ачаар уу юутай ч өндөр цагаан орлогч маань Австралийн “Монаш” Их сургуулийг бакалавр, “Декиний” Их сургуулийг магистраар дүүргэж, УИХ-ын тамгын газар, Болгар улсад дипломат албаны мэргэжилтэн зэргээр төрийн албанд зүтгэж явсаар 2016 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж эхэлснээс хойш улс төрд танигдаж эхэлсэн намтартай. Улмаар дүүргийн ИТХ-аас Нийслэлийн ИТХ хүртэл шатаар өгсөж, өдгөө Хотын орлогчийн албан тушаалд жил гаруйн хугацаанд ажиллаж байна.

Гэтэл Хотын орлогчоор ажиллаж эхэлсэн цагаасаа А.Амартүвшин ямар ч хамаагүй аргаар танигдах тактик ашиглаж, утга авцалдаагүй олон ч мэдэгдэл хийж олны уур бухимдал, инээдийг зэрэг хүргэж буй билээ. Нэг талаасаа тэр улс төрд юу ярих, юу хэлэхгүйгээ мэдэхгүй гэнэн тэнэгдүү дүр мэт. Нөгөө талаасаа энэ мэт тэнэг, үг үйлдлээрээ олны анхаарлыг ямар ч пиар хийхгүйгээр татчихаад байдаг хоржоонтой улстөрч ч болон бэлтгэгдэж буй мэт.

Түүний мэргэжил уг нь улс төр, гадаад харилцаа судлаач. Нэг үгээр хэлбэл номын дууг нь сонсоод ногоотой шөлийг нь идчихсэн нэгэн. Нүдний шилтэй, гэнэн итгэмтгий нэгэн мэт дүр эсгэвч хэний ч дэмжлэг, тролл, бүүст хийхгүйгээр ганц ярилцлагын нэг өгүүлбэрээр л тэр олны нүдэнд өртчихөөд байх ажээ.

Өчигдөр ч яг энэ үйлдлээ дахин хийж “Эрчүүд та бүхэн ямааны идэш болох өвс /цэцэг/ ханьдаа, ээждээ, охиндоо бэлэглэж байснаас умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийлгэж хайртай хүмүүстээ бэлэг бариарай” гэж яриад л сошиалын сэдэв болчихлоо. “Сэтгэл нь сайхан юм даа” гэдэг шиг хэлэх гэсэн санаа нь бол маш зөв. Угтаа охид, бүсгүйчүүдийг маань чимээтэй хөнөөж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциндаа хамрагдахыг уриалсан ч гэлээ хамгийн нандин, эрхэмсэг хүндээ бэлэглэдэг цэцгийг нь “ямааны хоол” мэтээр гутаан доромжилсонд олон ч эмэгтэйчүүд эгдүүцэж, зарим нь хошигноод өнгөрч байна.

Айл болгонд байдаг юу ч хийж гийгүүлээгүй атлаа юм, юм л оролдож үзээд, унаж босоод, алдаж эндээд, амжилт олоод зэмлэл, магтаалыг зэрэг сонсоод явж байдаг болдоггүй, бодлогогүй хүүхэд шиг генерал аавын “гэнэн” дүртэй өндөр хүү улс төрд улам ч илүү ихээр чимээ гаргах нь тодорхой болов. Гагцхүү тунг нь хэтрүүлчих вий дээ.

Тэгвээс эхэлж амжилгүй дуусч буй олон залуусын гашуун түүхийг давтах болно шүү, орлогч оо.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин