ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нандин охин

O.Admin
1 цагийн өмнө

Төрийн ордонд шинэ Засгийн газар дуншиж, Туул голыг хамгаална, хамгаалахгүй гэх зодоон үргэлжилсэн хаврын “халуухан” улс төрийн зодоон дунд гялтайх гэгээн мэдээг монголчуудад дуулгаж буй хүн бол Нямжавын Нандинхүсэл.

Хамгийн залуу буюу 18-хан насандаа Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм цолны эзэн болсон нандин, чамин охиныг бид өнгөрсөн зун Монголд болсон 3x3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш илүүтэй мэдэх болсон. Шавилхан биетэй охид маань дэлхийн шилдэгүүдийг нийслэл хотынхоо төв цэг болох жанжин Д.Сүхбаатарын талбай дээр буулган авч, гайхалтай тоглолтуудаар монголчуудаа баярлуулсаар ДАШТ-ий мөнгөн медалийн эзэд болж байв.

Тэдний энэхүү гайхалтай амжилтыг Монголын төр өндрөөр үнэлж МУГТ гэх эрхэм хүндтэй цолыг олгосон билээ. Эх орондоо эрмүүн амжилт гаргасан Н.Нандинхүсэл маань АНУ-д сагсан бөмбөгийн спортоор үргэлжлүүлэн хичээллэхээр болж, хилийн дээс алхаж байсан нь саяхны үйл явдал. Тэрбээр, АНУ-ын “Florida Tech Panthers баг, “Division-II”-т тоглож байсан бол маш богино хугацаанд өөрийгөө бүрэн таниулж, тоглолтын ур чадвараараа ялгарч чадсан учраас “WNCAA”-гийн дээд түвшин болох “Division-I”-т ирэх улирлаас тоглох урилга хүлээн авчээ.

Есөн настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн түүний мөрөөдөл нь эмэгтэйчүүдийн дэлхийн хамгийн том лиг болох WNBA-д тоглох бөгөөд энэхүү мөрөөдөлдөө хүрэх алхмаа нэг шатаар урагшуулж чаджээ. Залуухан гавьяат маань энэ өдрүүдэд эх орондоо ирсэн байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Сингапур улсад болох 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо шигшээ багтай оролцохоор бэлтгэлдээ ороод байгаа аж.

Монгол залуусыг дэлхий рүү гаргах том гүүр нь болж, дараа дараагийн үедээ асар том боломжийг бий болгож буй нандин охин маань энэхүү том тэмцээндээ ч амжилт гаргаж, тун удахгүй дахин баяртай мэдээ дуулгах болтугай. Нандин охин минь илүү өндөрт дүүлж, эх орныхоо нэрийг тив дэлхийд тодоор дуудуулсаар яваарай. Монголчууд харин дээлийн чинь захыг мушгиж, дэлхийн тамирчны замналд нь сүү өргөн ерөөлөө өргөсөөр суух болно оо.