ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, МӨНГӨ УГААСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

O.Admin
2 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,891 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,436 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 871 хэрэг шинээр нээж, 395 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 58, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Авлигын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Хүний амьд явах эрхийн эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Эдийн засгийн болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг хэрэг тус бүр 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 179 гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл,

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 7, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах 3, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах 27, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах 3, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 133, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 6 хэрэг байна. 

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

“Э...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө, ерөнхий нягтлан бодогч Г.О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компаний данснаас 4 тэрбум 776 сая төгрөгийг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Б.Ц, А.Б нар нь татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа “Д...” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалтыг хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), Эрүүгийн хуулийн 22.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих), Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар, хахууль өгөгч Г.Н-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-К.М нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн нэр бүхий иргэнд хуурамч гадаад паспорт олгож, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд бусдаас 2 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.   

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

-Г.Ц нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 88,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

-М.С нь 2025 оны 11 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд 82,7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт,  

-У.И нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II  жагсаалтад багтсан 965,7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, мөн 3 хэсэг бүхий 194 мл хэмжээтэй шингэн хэлбэрийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн хэрэгт,

-Б.Л нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 мл хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 6 ширхэг тариуртай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт  тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Ө.О нь зохих зөвшөөрөл авалгүйгээр олон тооны эм мэт зүйлийг Монгол Улсын хилээр импортолсон, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.