ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аянга

O.Admin
2 цагийн өмнө

Орчин цагийн хөгжмийн урлагт аянга цахилах мэт хүчтэй хийгээд гайхалтай бүтээлүүдээр “хаалга өшиглөн” орж ирсэн залуу артист бол “Тоонот” продакшны уран бүтээлч “ThunderZ буюу Б.Өлзий-Учрал билээ. Тэрбээр, “Backyard тэмцээний ялагч болсноор тус продакшнд харьяалагдах болж, “Бүгд О-ээс эхэлдэг”, “Дандаа даардаг охин”, “Ганцхан шалтгаан”, “Цөмөөхэй” зэрэг залуусын дунд хит болсон бүтээл туурвиж байсан билээ.

Тэгвэл сүүлийн жил гаруйн хугацаанд “Тэнгри” гэх зорилтод төслийг эхлүүлж, “Монгол”, “Хээр морь”, “Жүрээм”, “Гэгээн”, “Холын холоос”, “Даяга” зэрэг Монголын үндэсний түүхэн роман, тууж, өгүүлэг, зохиолууд, үндэстэн ястаны онцлог хэв шинжийг харуулсан эх орноороо, өв соёлоороо бахархах үзлийг залуу үед сурталчилсан кино мэт гайхалтай өгүүлэмжтэй клипүүдийг гаргаж байлаа.

Тэгвэл залуу артист энэ сарын 23-ны үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган залуусыг үндэсний өв соёл, үүх түүхээр амьсгалуулсан “Тэнгри” хэмээх гайхалтай өгүүлэмж бүхий бие даасан тоглолтоо хийж, ямархуу дайчин, хөдөлмөрч уран бүтээлч вэ гэдгээ харуулж чадлаа. Үндэсний бахархал, ондоошил маань улам бүр алсарч буй хэмээн халаглах болсон энэ цагт залуу дуучин маань өөрөө, өөрийнхөө уран бүтээлээр бидний өвөг дээдсийн туулж ирсэн түүхийг харуулаад зогсохгүй залуу үед зөвөөр үлгэрлэж, тэдний дотор байсан галыг асааж чадлаа. Бүтэн жилийн хугацаанд бэлтгэсэн тоглолт тэр чигээрээ үндэсний үзлээр давамгайлаад зогсохгүй, шинэ үеийн залуусын тархи, зүрхэнд арай өөр зүйлийг “шивнэж” чадав. Аянга буюу “ThunderZ” бол хамгийн зөв үлгэрлэгч, хамгийн хичээнгүй, хөдөлмөрч инфлүүсэр, уран бүтээлч гэдгээ ийнхүү Төв цэнгэлдэхэд огшоосон бүтээл бүхнээрээ Монгол даяар дуу шуутайхан тунхаглаж чаджээ.

Б.Өлзий-Учрал хорооллын хамгийн харанхуй хэсэгт бага насаа өнгөрүүлсэн гэдэг бөгөөд айлын ганц хүү юм. Хүүхэд байхдаа ах нарыгаа дуурайж том цамц, өргөн өмд өмсөж, хип хоп урлагт дурлаж явахдаа дуу хийхсэн, уран бүтээлч болохсон гэж бодож, анхны дуугаа хүүхэд байхдаа хийж байсан гэдэг. Тэрбээр, тамирчин болохоор шийдэж, Биеийн тамирын сургууль багш, дасгалжуулагчаар суралцаж байсан ч гараа гэмтээснээр МУИС-д элсэж суралцаж, тамирчин болох зорилгоосоо ухарчээ.

Хоёр ч удаа урлагийн томоохон тэмцээнд оролцож, сүүлийнхэнд нь шалгарч чадсанаар “Тоонот”-той амьдралаа холбож, хоёр дахь гэр нь болсон тус продакшны уран бүтээлчидтэй өсөж дэвшиж, уран бүтээлээр нөхөрлөж явсаар ямархуу зангарагтай, чадвартай артист болсноо нотлов. Түүний хувьд ингээд ханахгүй, зогсохгүй нь тодорхой. Өөрөө уран бүтээлээ хийхийн сацуу авьяаслаг хүүхдүүдийг дэмждэг жижигхэн студи хүртэл байгуулсан бөгөөд дараагийн залуу уран бүтээлчдээ тууштай дэмжиж яваа, энэ салбарт жинхэнэ аянга мэт цахилж яваа чадварлаг артистын цаашдын бүтээл туурвил, ондоошил, омогшил, үлгэрлэл, манлайлал бүхэнд өндрөөс өндөр амжилтыг нийт монголчуудынхаа өмнөөс хүсье.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин