ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Батдэлгэр: Бактерийн эсрэг саванг тогтмол хэрэглэх нь дадал болох эрсдэлтэй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-15

Дэлхийн нийтийн “Гар угаах өдөр” тохиож байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн доктор Ш.Батдэлгэрээс гар угаахын ач холбогдолын талаар тодрууллаа. 

-Өнөөдөр дэлхий нийтийн “Гар угаах өдөр” тохиож байгаа юм байна. Манай улс энэ өдрийг тэмдэглэдэг болоод хэр удаж байна вэ. Ер нь уг өдрийн талаар мэдээлэл хэр байдаг юм бол?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтийн “Гар угаах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан байдаг. Манай Улс НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр жил бүр гар угаах дэлхийн өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэх юм. Энэ жилийн хувьд “Цэвэр гар, эрүүл амьдралын жор” уриатайгаар тэмдэглэж байна. НЭМҮТ жил бүр энэ өдрийн хүрээнд иргэдэд зориулсан сургалт явуулдаг.

-Дэлхийн гар угаах өдрийн хүрээнд танай байгууллага ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Бид Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдэд гараа савандаж угаахын ач холбогдол, бохир гараар дамжих халдварт өвчнүүдийн талаар төрөл бүрийн сургалт зохион байгуулна. Мөн бохир гараар ямар нян бактери дамжиж, хэрхэн өвчин үүсгэдэг талаарх шинжлэх ухааны туршилтыг тайлбарлаж, гар угаахын ач холбогдлын талаар хүүхдүүд хэр мэдлэгтэй байгаа талаар судалгаа хийх юм. Мөн цэцэрлэгийн багш нартай хамтран ажиллаж, гар угаах зөв дараалал, зөв хэвшлийн талаар сургалтууд зохион байгуулах юм.

-Бохир гараас үүдэлтэй­гээр элдэв өвчин халдварладаг гэж байна. Яг энэ шалтгаанаар эрүүл мэндээрээ хохирсон хүн хэчнээн байдаг бол. Энэ талаар судалгаа байдаг уу?

-Гэдэсний халдварт өвчин, шар гэх мэт бохир гараар дамжих халдварт өвчин гэж байдаг. Английн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар гарыг савандаж угаах нь нян бактерийг найман хувь хүртэл бууруулдаг болох нь тогтоогдсон. Харин НЭМҮТ-ийн судалгаагаар манай улсын сургуулийн насны, ялангуяа бага, дунд ангийн хүүхдүүд гар угаах зөв дадлыг боломжийн эзэмшсэн, харин ахлах ангийн хүүхдүүд энэ талаар сул байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. 

-“Гар угаах өдөр”-ийн талаар хөдөө орон нутгийн иргэд хэр мэдэгдэхүүнтэй байдаг вэ. Энэ талаар танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ? 

-Бид жил бүр энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд НЭМҮТ 21 аймгийн Эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар удирдамж хүргүүлдэг.

-Өдөрт хамгийн багадаа хэдэн удаа гараа угаах ёстой вэ?

-Гарыг бохирдсон тохиол­дол бүрт угаах ёстой юм. Ялангуяа бие зассаны дараа заавал угааж хэвших хэрэгтэй. Хэрэв усгүй газар байгаа бол ядаж нойтон сальфетикаар арчих хэрэгтэй. Эсвэл халдваргүйжүүлэх шингэнүүдээр гараа ариутгаж болно. Гэхдээ хамгийн зөв арга бол гар угаах юм.

-ДЭМБ-аас “сэйфгуард” гэх бактерийн эсрэг саванг хориглосон гэж дуулсан. Хүний гарт байх ёстой хэрэгтэй бактерийг устгадаг учраас хориглосон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч. Гарыг байнга савандаж угаах нь сөрөг нөлөөтэй байх уу?

-Гарыг бактерийн эсрэг савангаар байнга угааснаар дасал болж болно. Бактерийн эсрэг саванг биш ердийн зориулалттай саванг тогтмол хэрэглэж хэвших нь саванд дасал болохгүйгээр бохир гараар дамжих халдварт өвчнүүдээс сэргий­лэх боломж­той. Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг тогтмол хэрэглэснээр мэдрэг арьстай хүмүүст харшил өгөх магадлал өндөр байдаг. Учир нь бактерийн эсрэг саван тодорхой хэмжээний химийн найрлагатай байдаг учраас зарим саван харшил өгөх эрсдэлтэй байна. Бактерийн саванг хааяа буюу шаардлагатай үед хэрэглэнэ.

-Дадал болно гэдэг нь үйлчилгээ үзүүлэхгүй бол­но гэсэн үг үү. Ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаална. Аль нь хэр нимгэн, хэр хөрслөг, ямар өнгөтэй байхаас гадна тухайн хүний дархлаанаас ч хамаарна. Тэгэхлээр хүн бүрт өөр, өөр нөлөө үзүүлнэ гэсэн үг.

-Хүний гарт байх ёстой хэрэгтэй бактери гэж байдаг юм уу?

-Байдаг. Гэхдээ энэ талаар мэргэшсэн эмчээс илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой.