ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ухаантай дарга нар арай өөр сэтгэх юм аа

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-15

Монгол бол хийморьлог сэтгэдэг дарга нартай, хийморьлог ард түмэнтэй, утаатай нийслэлтэй “азтай” улс мөнөөс мөн. Учир юун хэмээвэл, улсын нийслэл Улаанбаатар дэлхийн хамгийн их утаатай хот юм. Гиннесийн номд бүртгүүлэхсэн. Харин утааг нь шийдэх гэж 200 гаруй тэрбум төгрөгөөр утаагүй зуух, нүүрс, шахмал түлж тараагаад амжсан ухаант дарга нартай улс. Нобелийн шагнал өгөхсөн.

Түүний дараа нэг автобусанд 11-33 сая хүртэл төгрөгөөр шүүлтүүр тавих гэж оролдоод, одоо 54 тэрбум төгрөгөөр гэр хорооллын зарим айлын янданд утаа шүүгч тавих нь яаж ч бодсон ухаант дарга нарын ач буян билээ. Ийм л хийморьтой бодлоготой дарга нартай, түүнийг нь хүлээн зөвшөөрдөг ард түмэнтэй улс юм. За тэгээд өнөөх тараасан утаагүй зуух утаа гаргадаг нь батлагдахад, дарга нар “утааны харагдах байдал нэмэгдсэн ч хортой байдал буурсан” хэмээн тайлбарласан ч удаатай.

Гэсэн ч утаа ихэссэн гэдэг нь батлагдсан тул энэ жилийн хувьд арай л зуух ярьсангүй, өнгөрлөө. Тэгэхдээ манай дарга нарын толгой мөнгө олох хийморьлог санаа орж ирэх л юм бол хэрэгжүүлдэг тул дараагийн бодож олсон санаа нь утааны шүүлтүүр аж. Одоо айл бүрийн янданд утаа шүүгч тавих бөгөөд 30 мянган төгрөгийн үнэтэй янданд 500 мянган төгрөгийн үнэтэй шүүлтүүр тавих гэнэ. Дээрээс нь дарга нарын бодож олсон өнөөх утаа шүүгч нь цахилгаанаар ажилладаг аж. Нүүрсний мөнгөө арай хийн аргалдаг айлд, цахилгааны мөнгө дээр нь төлбөр нэмж гаргана гэдгийг хүлээн зөвшөөрөөд сууна гэдгийг манай дарга нар л бодож олж чадна. Ийм л сайхан бодлого боловсруулдаг дарга нартай билээ, бид.