Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа. Энэ хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 142 удаагийн дуудлага бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 926 алба хаагч 194 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэв.
Алба хаагчид аюулт үзэгдэл ослоос 39 иргэний амь насыг аварч, 75 иргэнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг нь хангалаа.
Нийт дуудлагын:
• 66 нь объектын гал түймэр;
• 23 нь усны осол;
• 19 нь үертэй холбоотой;
• 11 нь гол, усанд гацсан, суусан;
• 1 нь ой, хээрийн түймэр;
• 22 нь газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төөрсөн, сураггүй болсон, зам тээврийн болон бусад ослын дуудлага байв.
Баяр, амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 19 хүн амь насаа алдсаны гурав нь хүүхэд байна. Үүнээс усны ослоор 13, объектын гал түймэрт хоёр, зам тээврийн осолд нэг, өндрөөс унасны улмаас нэг, бусад ахуйн ослоор хоёр хүн амь насаа алджээ.Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд Нийслэлийн гурван дүүрэг, зургаан аймгийн 12 суманд усны ослын 23 тохиолдол бүртгэгдэж, 11 том хүн, хоёр хүүхэд буюу нийт 13 хүн амь насаа алдлаа. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сум болон нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт усанд осолдсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн давхардсан тоогоор 2100 гаруй хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний объектод урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт зохион байгуулж, 6000 гаруй иргэнд зөвлөмж хүргэж ажиллалаа.
Гол, нуурын усны түвшин, урсгалын хурд, гүн нь богино хугацаанд өөрчлөгдөж болзошгүй тул:
• зориулалтын бус болон баталгаагүй хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байх;
• согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
• хүүхдийг гол, нуур, тогтоол усны орчимд хараа хяналтгүй орхихгүй байх;
• голын гарцгүй болон хориглосон хэсгээр тээврийн хэрэгслээр зорчихгүй байх;
• цаг агаарын сэрэмжлүүлэг, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Иргэн бүрийн хариуцлагатай үйлдэл өөрийн болон бусдын амь насыг хамгаална.