Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахална. “Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудал шийдэгдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.
Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Орон сууцны залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах ажлын хэсэг байгуулагдсан. Баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулах, хуулийн дагуу улсын орлого болгож, орлогоор нь иргэдийн хохирлыг барагдуулна.
Түүнчлэн, нийгмийг талцуулсан худал мэдээлэл тараах, зохион байгуулалттай бусдын нэр хүндэд халдах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх ажлыг зориудаар хийж буй нэргүй, зураггүй, хуурамч хаягуудыг хаах, шаардлагатай бол хуулийн хариуцлага ярина. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах гэхээс илүү худал мэдээлэл, хуурамч гүтгэлэгтэй тэмцэх юм. Тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна" гэлээ.