ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Баатарцогт: Данс нээлгээгүй бол ноогдол ашиг хүртэхгүй

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-16

Эрдэнэс Тавантолгойн хувьцаагаа хэрхэн шалгах болон хаана данс нээлгэх талаар “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн мэргэжилтэн Э.Баатарцогтоос тодрууллаа. 

-Эрдэнэс Тавантолгойн хувьцаа байгаа эсэхээ яаж мэдэх боломжтой вэ? 
-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Иймээс энэ хугацаанд төрсөн иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим сайт болон, “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн 1800-1072 лавлах утаснаас лавлан мэдэх боломжтой.

-Хувьцаа байгаа тохиолдолд хаана, хэнд хандах вэ. Данс яаж нээлгэх вэ?
-Тухайн хүнд хувьцаа байгаа тохиолдолд ямар нэгэн брокерийн компанид данс нээлгэсэн эсэхээ мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим сайт болон “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн 1800-1072 лавлах утаснаас лавлан мэдэх боломжтой. Хэрвээ данс нээлгээгүй тохиолдолд заавал данс нээлгэх бөгөөд Үнэт цаасны дансыг брокерийн компанид хандан нээлгэх ёстой. 

-Брокерийн компаниудын мэдээллийг хаанаас авах боломжтой вэ. Хэчнээн брокерийн компани байдаг юм бол? 
-Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компанийн мэдээллийг http://mse.mn/mn/brokers/78 холбоосоор орж мэдээлэл авч болно. 50 гаруй брокерийн компани үйл ажиллагаа явуулж байгаа. Та харьяалал харгалзахгүй өөрт ойрхон брокерийн компанид очиж данс нээлгэх боломжтой. 

-Ирэх сараас өмнө данс нээлгэж, бүртгүүлэх ёстой гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү? 
-Үнэт цаасны данс нээх тодорхой хугацаа заасан зүйл байхгүй. Тиймээс иргэд хувьцаа эзэмшигчид өөрсдийн боломжтой хугацаандаа дансаа нээлгэж болно. 

-Хувьцааны ноогдол ашгаа хэзээ авах боломжтой вэ? 
-2019 он гараад ноогдол ашиг хуваарилна гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ яг тодорхой болсон зүйл байхгүй. Ер нь ноогдол ашиг хуваарилахаас өмнө данс нээлгэсэн байх шаардлагатай. Тэр үед данс нээлгээгүй байх юм бол та ноогдол ашиг авах боломжгүй гэсэн үг. 

-Эрдэнэс Тавантолгойн хувьцааг тав, зургаан сая төгрөгөөр худалдаж авна гэх мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ. Худалдах боломжтой гэсэн үг үү? 
-Нийгмийн цахим сүлжээгээр дамжин цацагдсан мэдээлэл нь  худал мэдээлэл бөгөөд энэ нь иргэдийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй. Одоогийн байдлаар тус хувьцаа нь хаалттай хэлбэрийн буюу арилжаанд орох боломжгүй байгаа. Иргэд хувьцаа эзэмшигчид анхаарал болгоомжтой байж шаардлагатай мэдээллээ баттай эх сурвалжаас буюу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн “1072 Хувьцаа мэдээллийн төв”-өөс мэдээлэл авах хэрэгтэй.