ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Түймэрт өртсөн бүсэд байгаа ан амьтдад өвс, тэжээл тавьж өгнө

O.Admin
2 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан гал түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын хэсэг 11 дүгээр сарын 16-нд дүгнэлтээ гаргаж дуусна.

Нийт 468 мянган га газар нутаг шатсан. Шатаагүй үлдсэн газар нутагт ан, амьтдын бөөгнөрөл их байгаа учраас биотехникийн арга хэмжээ авч, цас орохоос өмнө өвс тэжээлээр хангана.  Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргаж, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт үүрэг өгснөөр нутгийн иргэдээс өвс, тэжээл худалдан авч түймэр гарсан бүс нутагт долоон цэгт байршуулах юм.

Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж байгаа. Нийт 14 мянган туурайтан амьтан байна гэсэн урьдчилсан тоо гарсан. Нөмрөгийн түймэртэй холбоотой гарч байгаа бүх зардлуудыг хохиролд тооцож, эзэн холбогдогч тогтоогдсоны дараа төлбөрийг гаргуулна.

Японы Засгийн газар хамтран ажиллахаа илэрхийлсэн. Хохирлын хэмжээ тогтоогдсоны дараа бусад улс орны байгаль орчны байгууллагуудад ч нөхөн сэргээх чиглэлд хамтарч ажиллах хүсэлт тавина. БНХАУ, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Эрдэмтэн, судлаачдын зүгээс цаашдаа Нөмрөгийн тусгай хамгаалалттай бүс нутагт “Эрдэм шинжилгээ, судалгааны мониторингийн төв” байгуулах санал гаргасан. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ ажлыг зохион байгуулах боломжтой" гэлээ.