ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ

O.Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Засгийн газрын хуралдаанд нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав. Тэрбээр, "38 хот, нийтийн аж ахуйн байгууллагууд 3200 ажилтан, 647 тусгай чиглэлийн машин, 730 гаруй бичил техниктэйгээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж, ажилдаа орлоо. 10.100 тонн давс, 10.200 тонн бодис нөөцөлсөн.

2026-2027 оны өвөлд Улаанбаатар хот НҮБ-ын “Хүүхдийн сан”-тай хамтраад 7000-10.000 айлын яндан буулгах ажлыг эхлүүлнэ. 11 дүгээр сарын 20-нд иргэдээ Төв талбайд урьж байна. Ямар технологи нэвтрүүлэх талаар нээлттэй мэдээлэл өгөх юм.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Шахмал түлшийг “Эрдэнэс Таван толгой” компаний угааж, баяжуулсан нүүрсээр хийснээр тоосжилт, хүхэр багатай түлш үйлдвэрлэж эхэллээ. Өнгөрсөн оны мөн үеэс агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна.

Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ. Нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж, 24 хувьд хүрсэн. Өнгөрсөн жил 640 мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан бол энэ тоо 750 мянгад хүрлээ" гэлээ.